З.БАТЦЭЦЭГ

Италичууд парламентаа гуравны нэгээр багасгахаар шийдлээ. Бүх ард түмний санал хураалтаар энэ санааг иргэдийн ихэнх нь дэмжлээ. Энэ шинэтгэлийн шалтгаан нь гишүүд “их үнэтэй” тусч байгаатай болон тэдний хууль сахиулах ажлын ашиг тус тодорхой бус буйтай холбоотой. Есдүгээр сарын 22-ны мягмар гаригийн “La Repubblica” сонинд бичснээр ихэнх италичууд парламент дахь суудлыг цөөлөхийг дэмжиж саналаа өгчээ. Санал асуулгад оролцогчдын 70 хувь нь гишүүдийн тоог 630-аас 400 болгож, Сенатын гишүүний тоог 315-аас 200 болгож буулгахыг дэмжжээ. “Таван од” хөдөлгөөний тэргүүний нэг Луижи ди Майо энэ санал асуулгыг түүхэн үйл явдал гэж нэрлэлээ. Гишүүдийн тоог цөөлөх санааг улс төрийн бүх хүчнийхэн дэмжжээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сард Үндсэн хууль шинэчлэх саналыг ихэнх нь дэмжсэн бөгөөд санал асуулгыг гуравдугаар сарын 29-нд явуулах байсан ч цар тахлаас болж хойшилсон аж. Италийн Каттанео хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд цар тахал италичуудын саналд нөлөөлөөгүй байна. Ямартай ч дэмжигсдийн тоо буураагүй байна. Санаачилгын гол шалтгаан нь гишүүд татвар төлөгчдөд үнэтэй тусч байгаатай холбоотой. Италийн гишүүдийн цалин бусад бонус нь Европын холбоонд хамгийн өндөр нь юм. Ямартай ч 2016 онд “Таван од” хөдөлгөөн нь хууль тогтоох эрх мэдлийг шинэчлэх хөдөлгөөн эхлүүлэхэд ийм байсан.

 

Италийн гишүүд хамгийн тусгай эрхтэй нь

 

“Евроньюс”-ийн тооцоолсноор Европын холбоонд хамгийн их цалинтай нь Италийн гишүүд бөгөөд сар бүр ойролцоогоор 15 мянган евро авдаг бол хамгийн бага нь Болгар 1.6 мянган евро. Мөн Швед, Нидерланд, Австри, Германы гишүүд өндөр цалинтай буюу сард 10 мянгаас дээш евро. Европын холбоонд одоо 705 гишүүн европарламентад сонгогдсон ба бараг 500 сая иргэний төлөөлөл болж байгаа юм. Евро гишүүн нь татвараа төлөөд сард 6.8 мянган евро авдаг. Чуулганы үеэр өдөрт 320 евро нэмэлтээр авдаг байна. Мөн бизнес ангиллын нислэг, томилолтын мөнгө гэж өдөрт 300 еврогоор тооцож авдаг. Сард оффисын зардалд 4.5 мянган евро, сард 25 мянган евро туслахуудын цалин гэж авдаг байна. Гишүүдийн эрүүл мэндийн даатгалыг бүрэн даадаг ба Европарламентад ажилласан жил болгоноор цалингийн 3.5 хувиар тэтгэвэр авдаг. 2017 онд Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон парламентын гишүүдийн тоог гуравны нэгээр цөөлж, хууль тогтоох байгууллагын ажлыг илүү дүнтэй болгох талаар мөн ярьж байжээ. Ерөнхийлөгч тайлбарлахдаа гишүүдийн тоо их биш. Гэхдээ илүү үр бүтээлтэй ажиллана гэж байсан байна. Энэ нь гишүүдийн цалинг буулгахгүй гэсэн үг байлаа. Түүнээс гадна тэрээр гишүүдийг сонгохдоо порпорциональ системээр сонговол нийгэмд ярьж байгаа асуудал парламентад илүү ойрхон байх болно гэж үзэж байсан юм. Гэвч гишүүд энэ саналыг нь дэмжээгүй бөгөөд зарим нь эсэргүүцлээ илэрхийлээд авсан. Зарим гишүүн нь Макроныг ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж байна гэж буруутгаж байлаа.

Францын хоёр танхимтай парламентад 898 гишүүн байдаг. 321 нь дээд танхимд, 577 нь доод танхимд харьяалагддаг. Герман бас хоёр танхимтай парламенттай. Дээд танхим нь 69, доод танхим 631 гишүүнтэй, нийт 700  гэсэн үг. Нэг танхимтай парламенттай Туркт  600 гишүүнтэй, Польшид 560,  АНУ-д 555, Өмнөд Африкийн Нэгдсэн Улсад 490 гишүүнтэй байдаг аж. Мөн Латви цомхон парламенттай, 100 гишүүнтэй, Молдав 101, Израйль 120 гишүүнтэй парламенттай. Беларусийн парламент хоёр танхимаас бүрддэг ба 174 гишүүнтэй. Украйн улс өнгөрсөн жил гишүүдийхээ тоог 450-аас 300 болгох гэж оролдсон. Тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский пропорциональ сонгуулийн системд шилжих бодолтой ч одоогоор энэ нь амжилт олоогүй байна.

 

Рублиэр тооцохуй

 

Оросод мөн гишүүд сенатын тоог буулгах гэж нэг бус удаа оролдож байсан. Одоо Думд 450 суудалтай. Холбооны зөвлөлд бүс бүрээс хоёр сенатч  төлөөлдөг. Дунджаар Оросод цалин, бусад бонус хөнгөлөлтөө оруулаад ойролцоогоор 400 мянган рубль. Газета.ru-д мэдээлснээр 2019 онд Думын зардалд 11.1 тэрбум рубль зарцуулсан байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 139 сая рублиэр их байгаа аж. ЗХУ-ын үед гишүүд цалингүй байсан. Гэхдээ олон хөнгөлөлт, албан бус давуу тал ихтэй байсан гэдэг. “Арикапитал-ын ахлах эдийн засагч Сергей Суверов хууль тогтоох эрх мэдлийн бүтээмжийг рублиэр биш, хууль санаачилсан чанараар нь үнэлье гэж санал болгож байна. Тэрээр “Хууль тогтоох үйл ажиллагааны чанар италичуудтай адил доогуур байна. Хууль санаачлах эрмэлзэл бага, санаачлах өрсөлдөөн байхгүй. Үндсэндээ Төрийн Дум гүйцэтгэх засгийн санал болгож байгаа хуулийн төслийг тамгалаад л сууж байна” гэсэн байна. Политтехнологийн төвийн ерөнхий захирлын орлогч ЭЗИС-ийн профессор Алексей Макаркин “Хэрвээ гишүүдийн тоог цөөлбөл сонгогдох тойргууд илүү том болно. Орос бол Итали биш. Манайх том бүс нутагтай, тойргийн тоо томорвол гишүүдэд нэмэлт ажлын хүндрэл ихэснэ, ардчилал буурна” гэсэн байна. Түүнээс гадна парламентын суудал цөөрвөл илүү нөлөө бүхий нэр дэвшигчид суудал аваад сөрөг хүчнийхэн болон бие дааж нэр дэвшигчдэд өрсөлдөх хэцүү болно гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж www.polit.mn