Б.ДОЛЖИНЖАВ
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный “новичок” хэмээн бодисонд хордсоны улмаас Берлинд эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний хордсон “новичок” бодисыг бүтээсэн эрдэмтэн Навальныйгаас уучлалт гуйлаа. Сибирийн Томск хотын зочид буудалд Навальныйн хэрэглэж байсан усны савыг туслахууд нь Герман руу илгээснээр шинжилгээгээр “новичок” илэрсэн юм. Тэгвэл Германы Засгийн газрын мэдэгдлийн дараа энэ бодисыг анх бүтээсэн химич Вил Мирзаяанов Оросын “Rain” телевизийн ярилцлагын үеэр “Бидний бүтээсэн бодисонд хордсон Навальныйгаас уучлалт гуйж байна. Навальный тэвчээртэй байж чадвал нэг жилийн дотор бүрэн гүйцэд эдгэрнэ” гэж ярилаа. Мөн өөр нэг эрдэмтэн Владимир Углев “Навальныйн арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэр амьд үлдэнэ” гэж Мөрдөн байцаах газарт мэдэгдсэн юм. Гэвч энэ бодисыг анх бүтээсэн гурван эрдэмтний нэг нь дээрх хоёр эрдэмтэнтэй санал нийлэхгүй байна. Тухайлбал, эрдэмтэн Леонид Ринк “Мирзаяанов бид нэг судалгааны төвд ажиллаж байсан ч тэр “новичок”-ыг бүтээхэд оролцоогүй. Тиймээс энэ бодис ямар нөлөө үзүүлэхийг мэдэхгүй. Навальный үнэхээр “новичок”-д хордсон бол үхэх байсан. Тэр амьд үлдэж чадахгүй” гэж Риа Новости агентлагт ярьжээ. 1990 оны эхээр энэ бодисыг бүтээсэн Зөвлөлтийн нууц албаны гурван эрдэмтэн өдгөө 70 нас хүрч байна. Ямартай ч Навалньныйн биеийн байдал сайжирч аягатай ус өөрөө барьж ууж чаддаг болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.23 ЛХАГВА № 184 (6409)