Б.ДОЛЖИНЖАВ

Телевизийн реалити шоу нэвтрүүлгээрээ олны танил болж, цаг үргэлж дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг Кардашианийн гэр бүл  2007 онд эхлүүлснээс хойш олон сая үзэгчтэй болсон нэвтрүүлгээ зогсоож буйгаа Ким Кардашиан зарлалаа. Тэрээр “Keeping Up With The Kardashians” нэвтрүүлгээ зогсоох  нь манай гэр бүлийнхний хувьд үнэхээр хүнд шийдвэр байлаа. Өнгөрсөн 14 жилийн турш манай гэр бүлийг дэмжиж, шоу нэвтрүүлгийг маань үзэж байсан хүн бүрт үнэхээр их талархаж байна. Бид хэн бэ гэдгээ харуулахыг зорьсон нэвтрүүлэгт оролцож бидний нэр хүндийг өсөхөд, амьдралаа өөрчлөхөд тусалсан хүмүүст баярлалаа” хэмээн твиттерт бичжээ. Гоо сайхны бүтээгдэхүүний бизнесээрээ алдаршсан Кардашиан дэлхийн хамгийн хүсэмжит эмэгтэйчүүдийн нэг бөгөөд олон нийтийн сүлжээнд олон сая дагагчтай. Тэрээр тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ алдартай. Мөн түүний дүү Кайлигийн “Kylie” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийд хамгийн алдартай төдийгүй 2019 онд Форбес сэтгүүлийн хамгийн залуу тэрбумтан болсон юм.

Эх сурвалж:CNN