Ч.ЗОТОЛ

“Гэр хорооллын хөгжлийн нам” орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоо  илэрхийллээ. Тус нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон тайлангаа  хэлэлцэж дүгнэлт гаргасан. Үүний үндсэнд улс төрийн  шийдвэр гаргасан гэв.

“Гэр хорооллын хөгжлийн нам”  УИХ-ын  сонгуулийн өмнө ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн намыг дэмжих чиглэлээр АН-ын тухайн үеийн дарга С.Эрдэнэ, еоөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарт албан ёсоор хандаж санал тавьж байсан. Гэвч тэд хүлээж аваагүй.  Гэсэн ч АН-ыг дэмжиж, үйл хэргийнх нь төлөө хамтраад зүтгэх, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө байдаг учраас Орон нутгийн сонгуульд дэмжиж оролцох саналыг дахин тавьсан байна. Ингэхдээ тэд  ямар нэгэн мандат, квот нэхэхгүй. Зөвхөн АН-ыг дэмжиж оролцоно гэв. Энэ шалтгаанаа Улаанбаатар хотын 70 гаруй хувь нь гэр хороолол байдаг. Энд оршин амьдарч байгаа иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, мөн 2012-2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн Э.Бат-Үүлийн санаачилга, үйл хэргийг  үргэлжлүүлэх, “Сайн хашаа” хөтөлбөрийг сэргээх, Ардын намын зогсоочихоод байгаа бүхнийг АН хийж чадна гэдэгт итгэж байгаа хэмээн тэд хэллээ.

Өнгөрсөн сонгуулиас дүгнэлт хийж  ардчилсан үзэл санаатай намууд нэгдэж, АН-ыг дэмжиж оролцоосой гэсэн дүгнэлтийг “Гэр хорооллын хөгжлийн нам”-ын гишүүд хийсэн гэв. Учир нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль хулгай луйвар, эрх баригч намынхны булхайгаар дүүрэн болсон. Магадгүй үүгээрээ түүхэн сонгууль боллоо. Булхай, луйврын гэмт хэрэг нь шийдэгдээгүй байхад дараагийнх нь буюу Орон нутгийн сонгууль эхэлж байгаад харамсч байгаагаа мөн илэрхийлэв. Эрх баригч намын зүгээс  дахиад луйвар булхайгаа хийх юм бол Орон нутгийн сонгуулийг Октябрийн хувьсгал болгоно гэж мэдэгдэв. Дэлхий нийтэд ч ард түмнийхээ саналыг хулгайлсан луйварчдын эсрэг тэмцэл хурцдаж байхад иргэд, сонгогчдоо битгий ийм зүйл рүү түлхээрэй гэж  МАН-д санууллаа.

эх сурвалж: www.polit.mn