Х.ОЮУНБОЛД
Израилийн Батлан хамгаалах яамнаас өнөөдөр Ливаны газар нутгаас цэргүүд рүү нь гал нээснийг бүртгэж авсан. Тиймээс хариу галлаж, хоёр орны хилийн ойролцоо байдаг Хезболла бүлэглэлийн ажиглалтын байрыг агаараас довтолсон талаар мэдээлжээ. Мөн твиттертээ “Энэ нь их ноцтой үйл явдал. Түүнээс гадна бид манай хилд заналхийлсан ямар нэгэн халдлагыг няцааж үргэлжлүүлэн тулалдахад бэлэн байна” гэж бичсэн байна. Гэхдээ Ливаны зүгээс хийсэн дайралтын үеэр ямар ч израиль цэрэг шархдаагүй гэж мэдээлжээ. Харин энэ дайралт болохоос хэдэн цагийн өмнө Израилийн зэвсэгт хүчин тус улсын хойд хэсэгт болсон аюулгүй байдлыг зөрчсөн явдлын талаар мэдэгджээ. Тэд Манара, Маргалиот, Мисгав Ам, Ифтах, Малкиа мужийн иргэдийг нээлттэй бүсэд явуулж байгаа ажиллагаагаа зогсоох, гэртээ болон ойролцоох нуувчинд хоргодохыг тушаасан байна. Гэхдээ энэ тушаалыг удалгүй цуцалжээ. Түүнээс гадна израиль цэргүүд их хэмжээний бенгалын гал шидсэн болон энэ үеэр зарим автозам хаагдсан гэж мэдээлжээ. Мэдээнд бичсэнээр израиль цэргүүд хоёр орны хилийн ойролцоо сэжигтэй хөдөлгөөн илрүүлсэн аж. Түүнээс өөр нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн сэжигтэй ямар нэгэн тохиолдлын талаар нэмж мэдээлээгүй байна. Харин цахим сүлжээнд Израилийн зүгээс пуужин харваж байгааг харуулсан олон зураг, бичлэг цацагдсан байна. Гэхдээ энэ нь үнэн эсэх нь батлагдаагүй байна.
Эх сурвалж: www.polit.mn