Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ залуу үеийнхэн болон өсвөр насныхны хувьд коронавирусын улмаас тогтоосон хөл хорио, онцгой дэглэм бол яахын аргагүй цоо шинэ зүйл. Тэд хэзээ нэг өдөр гэнэт нэг вирус дэгдэж, дэлхий нийтээрээ айдаст автаж, гэрээсээ гарах, сургуульдаа явах эрхээ хасуулна хэмээн төсөөлж байгаагүй. Гэвч “Z” үеийнхнээс өмнөх үеийнхний хувьд энэ удаагийн цар тахлыг тэгтлээ сүрдэж хүлээж авсангүй. Учир нь өмнө нь ийм тахал дэгдэж, бүх нийтийн хөл хорио тогтоож, үзвэр үйлчилгээ, сургуулиуд хаагдаж байсан удаатай. Тухайлбал, 1918 оны үед томуу цар тахлын  түвшинд хүртлээ олныг хамран тархдаг, дэлхий одоогийнхоос огт өөр байжээ. 1918 оны Испанийн томуугаар 500 сая хүн халдварлаж, дэлхий даяар 50 сая хүн нас барсны 675 мянга нь Америк хүн байсан гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.Гэхдээ нас барагсдын  тоог буруу  тооцоолсон гэж үздэг юм байна.

Энэ томуугийн улмаас АНУ-ын  ихэнх муж сургуулиа хаасан ч  Чикаго, Нью Йорк, Нью Хавен гэсэн гурван хот үргэлжлүүлэн хичээллэх шийдвэр гаргасан юм. Эдгээр хотын эрүүл мэндийн газрынхан  онцгой дэглэмийг сайн сахивал сурагчид хичээллэхэд аюулгүй хэмээн таамагласан. Гэхдээ энэ үед бидний бодож байгаагаас илүү ихээр сурагчид эрүүл ахуйдаа анхаардаг “дэвшилтэт эрин үе” байсан юм.  1918 оны үед Нью Йорк хот нэг сая орчим сургуулийн насны хүүхэдтэй байсны 75 хувь нь хүн ихтэй, ариун цэврийн шаардлага хангаагүй нийтийн орон сууцанд амьдардаг байсан гэсэн судалгааг АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн албан ёсны сэтгүүлд бичсэн байдаг. “Нийтийн байранд амьдардаг сурагчдын эрүүл ахуйн байдлыг сайтар хангаж, тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулж, маш сайн агааржуулалттай орчинд хичээлүүлэхэд багш нар, эмч, сувилагчид хэдийнэ бэлтгэчихсэн байсан” гэж дээрх судалгаанд дурьджээ.

“Томуу Мичиган мужид  хамгийн эрт дэгдэж, хамгийн их хохирол учруулсан” гэж Мичиганы их сургуулийн анагаах ухааны төвийн захирал, судлаач Ховард Маркел ярьжээ. Тэрээр дээрх Нийгмийн эрүүл мэндийн тайланг 2010 онд гаргасан юм. “Сурагчид ихэвчлэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэггүй  нийтийн байрнаасаа сургуульдаа ирэхэд цэвэрхэн анги танхим, байнгын хяналт шалгалттай, тогтмол үзлэг хийж угтдаг байсан. Тэд сургуулийнхаа гадаа олноороо цугларах юм бол багшид нь нэн даруй мэдээлнэ. Хэрвээ томуугийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл  сурагчыг тусгаарлана. Хэрвээ сурагч халуурвал эрүүл мэндийн газрын ажилтны хэн нэг нь түүнийг гэртээ аваачиж тусгаарладаг байсан. Үгүй бол эмнэлэгт хүргэнэ” гэж Нью Йорк хотын  Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Рояал Копеланд цар тахал оргил үедээ хүрэх үеэр “New York Times” сонинд  ярьжээ. Чикагод мөн сургуулийн насны 500 мянган хүүхэд ийм байдлаар хичээллэжээ. Энэ үед хичээлээ тасалдаг хүүхэд огт байгаагүй байна. Учир нь халдвараас сэргийлэхийн тулд Чикаго сурагчдаа нэн тэргүүнд цэвэр агаараар хангахыг эрэлхийлж байв. Тиймдээ өвлийн улирлын турш ангиудын бүх цонхоо нээлттэй байлгадаг байжээ. Энэ үед сургуулиудаа хичээлүүлсэн нь тийм сайн зүйл байгаагүй ч бас тийм муу нөлөө үзүүлээгүй байна. Сургуульдаа онцгой байдлын дэглэмийг сайтар хангаж, нэг дор олон хүн цуглаагаагүй нь үр дүнгээ өгсөн гэж үздэг аж.  Гэхдээ энэ жил дэгдсэн коронавирус бол томуу биш урьд үзэгдээгүй шинэ цар тахал учир сургуулиуд хаалттай байх нь зөв шийдвэр хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалж: CNN