Х.ОЮУНБОЛД
ОХУ коронавирусын халдвар авсныг илрүүлдэг 450 иж бүрдэл хүмүүнлэгийн тусламжийг Венесуэлд үзүүлсэн байна. Албан ёсоор эрүүл мэндийн энэ хангамжийг өчигдөр хүлээлгэн өгчээ. Харин тусламжийн барааг хүлээлгэж өгөх ажлыг ОХУ-ын төрийн “Рособоронехпорт” агентлаг хариуцаж ажилласан байна. ОХУ-ын хүмүүнлэгийн газрынхан зохион байгуулж Москвагаас Каракас руу илгээсэн тусламжийн иж бүрдэлд 93 ширхэг сорилын тест багтсан бөгөөд 43200 хүнийг оношлоход хүрэлцэх аж. Ирснийх нь дараа хөргүүрт хадгалсан тусламжийн барааг албан ёсоор хүлээлгэж өгөх үеэр Каракас дахь ОХУ-ын Элчин сайдын яамны сайд зөвлөх Алексей Середин “ОХУ дэлхийн бусад орны Засгийн газар дарамт үзүүлж байгаа энэ үед Венесуэл улсад цаашид тусална” гэв. Тэрээр “Бидний хийж байгаа зүйл бол шударга шалтгаантай” болохыг онцолжээ. Түүнээс гадна хоёр орны эрх баригчид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ гэв. Харин Венесуэлийн батлан хамгаалах асуудлыг хариуцсан хөгжил, төлөвлөлтийн яамны дэд сайд Александр Веласкес Бастидас тусламжийн бараа хандивласанд талархаад жинхэнэ хүмүүнлэгийн тусалмж гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Үүнийг 43000 гаруй хүнд богино хугацаанд сорил хийхэд хэрэглэнэ гэсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn