Б.ДОЛЖИНЖАВ

Байгальд өчнөөн мянган жил шингэхгүй хөрсийг бохирдуулдаг хэмээн хуванцар эд зүйлсийн хэрэглээгээ багасгахыг дэлхий нийтээр уриалах болсон. Гэтэл коронавирус цар тахалтай холбогдуулан нэг удаагийн бээлий, маск, хуванцар савтай гар ариутгагч болон цэвэрлэгээний бүтээгдэхүүний хэрэглээ өссөнөөс энэ төрлийн хог хаягдал ихэсчээ. Түүнчлэн Их Британид уртаараа хоёрт тоооцогддог Темза мөрнөөс дэлхийн аль ч мөрөнд бүртгэгдэж байгаагүй их хэмжээний бичил хуванцар илэрснийг “BBC” мэдээллээ. Лондонгийн амьтны хүрээлэн, Үндэсний түүхийн музейн хамтарсан судалгаагаар Темза мөрний Лондон хот дахь хэсгээс 94 мянган бичил хуванцар илэрчээ. Хуванцар нь хүний нүдэнд үл үзэгдэх жижиг хэсэг болтлоо задарсан байсан аж. Судлаачдыг хамгийн их гайхшруулсан зүйл нь тус мөрний усанд амьдардаг хоёр наймаалжийг задалж үзтэл гэдэснээс нь ариун цэврийн хэрэгсэл, бөмбөлөг, сунадаг эд зүйлсийн хэлтэрхий гэсэн олон төрлийн орооцолдсон хуванцар гарч иржээ.

Энэ талаар судалгааг удирдсан профессор Дэйв Моррит “Бидний судалгаагаар голын эрэг дээрх олон төрлийн хуванцар, микропластик нь Темза мөрөн доторх бүх амьд организмуудад нөлөөлж, бие махбодь нь өөрчлөгддөг нь тогтоогдсон. Шилний хэлтэрхий, гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдэл, том эд зүйлсийн жижиг хэсэг болон задарсан хуванцар хэлтэрхий зэрэг маш олон төрлийн микропластик Темза мөрнөөс олдсон. Энэ жижиг хэсгүүдийн ихэнхийг нэг удаагийн хоолны сав эзэлж байна. Тиймээс хуванцар бүтээгдэхүүнийг ангилах, устгах хатуу чанга журам хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн Темза мөрний амьд организм дахь  микропластикын үр нөлөөг судлах асар их нөөц байна” гэж ярьжээ. Бусад эрдэмтэд өмнө нь Манчестер хотын 40 голыг судлахад бүгдээс нь хуванцар илэрсэн билээ.

Эх сурвалж:BBC