Х.ОЮУНЗУЛ
Белорусын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Светлана Тихановская Европын холбоог тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриаллаа. Тэрээр “Энэ луйварчин сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг хүсч байна. Ноён Лукашенко манай ард түмэнд болон олон улсын нийгэмлэгт бүх хууль ёсны эрх байдлаа алдсан. Тиймээс Белорусыг сэрээхийг дэмжих, бүх орныг олон улсын хуулийг хүндэтгэхийг уриалж байна. Мөн Белорусын тусгаар тогтнол, иргэдийн сонгуулийг хүндэтгэхийг хүсч байна” гэж Лукашенкогийн өрсөлдөгч Телеграмд нийтэлсэн видео бичлэгтээ ярьжээ. Европын зөвлөл өнөөдөр Белорусын нөхцөл байдлыг хэлэлцэх сэдэвчилсэн уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм. Белоруст энэ сарын 9-нд одоогийн ерөнхийлөгч Лукашенко олонхийн санал авсан ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үр дүнг нийтэлсний дараа олон нийтийн үймээн гарчээ. Албан ёсны тооллогоор ерөнхийлөгч Лукашенко 80.1, түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская 10.1 бусад гурван нэр дэвшигчид нийлээд дөрвөн хувь гаруй санал авсан аж. Эсэргүүцлийн жагсаалыг эхний өдрүүдэд нулимс асгаруулагч хий, резинэн сум, ус цацан тараасан гэж Дотоод яамнаас мэдээлжээ. Мөн хоёр хүн үхэж, 100 хүн шархадсаны дотор 10 гаруй цагдаа орсон байна. Түүнээс гадна 6700 гаруй хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: www.polit.mn