Х.ОЮУНБОЛД
Арденагийн Загасны холбооноос өнгөрсөн долоо хоногт “Нестле Франц” компанийн эсрэг байгаль орчны хуулийн 432.2 заалтыг зөрчиж, бохирдуулсан гэж гомдол гаргажээ. Тодруулбал, Айсне голыг бохирдуулсан, сая гаруй евроны хохирол учруулж, олон загас үхэхэд хүргэсэн Шампань мужийн компанийн үйлдвэрийнхэнд хариуцлага тооцох ёстой гэж холбооны ерөнхийлөгч Мишель Адам “AFP”-агентлагт ярьсан байна. Мөн энэ сарын 12-нд Шампань мужийн голоос хоёр тонн гаруй үхсэн загас гаргаж авсан гэж мэдээлжээ. Хэдийгээр байгаль орчинг бохирдуулсан ч иргэдэд мэдэгдэхүйц эрсдэл учруулаагүй. Сайн дурынхан, орон нутгийн иргэд, гал сөнөөгчид үхсэн загаснуудыг цуглуулж гаргасан гэж “RFI” агентлаг мэдээлсэн байна. Мөн Адам ийм ноцтой хэмжээний бохирдол Загасны холбоонд 40 жил ажиллахдаа хараагүй. 30 метрийн өргөнтэй, долоон километр урт бүс нутагт бүх загас үхсэн байсан болохыг онцолжээ. Түүнээс гадна бохирын улмаас үхсэн загаснууд дотор хамгаалалтанд авсан нүд загас зэрэг 14 төрлийн загас байсан гэв. Харин нескафе долсе густо кофенд зориулсан хуурай сүү үйлдвэрлэдэг “Нестле” компанийн зүгээс энэ сарын 9-нд компанийн ус цэвэрлэх байгууламжаас химийн бүтээгдэхүүн ороогүй, биологийн лаг шаврын бохир ус хальж асгарсан. Тиймээс олон хоног ажиллагааг нь зогсоож, хальж асгарсныг мэдсэн даруйдаа гурван цагийн дотор асуудлыг хурдан шийдвэрлэсэн гэж “AFP” агентлагт ярьжээ.
Эх сурвалж: www.polit.mn