Г. Бороо

Их Британий ерөнхий сайд Борис Жонсон ирэх сард сургуулиудаа нээнэ хэмээн мэдэгдсний дараа “Паб сургуулиас чухал уу” хэмээх асуулт тус улсад өрнөөд байна. Учир нь маш их хохирол амссан гэсэн шалтгаанаар зоогийн газар, пабуудаа аль хэдийнэ нээгээд байгаа юм. Жонсоны эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Крис Витти “Цар тахлын тархалтаас шалтгаалан сургуулиудаа хэзээ нээхээ шийдвэрлэнэ” гэлээ. Гэвч хэрвээ сургуулиудаа дахин нээхгүй бол сурагчдын боловсрол болон эцэг эхчүүдийн эдийн засагт аюул учирна хэмээн үзэж байна. Учир нь олон эцэг эх хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа юм. Энэ талаар Лондоны их сургуулийн өвчин судлалын профессор Грахам Мэйдлэй ”Сургуульд 500 хүүхэд сурдаг байлаа гэхэд тэдний 300-400 цахимаар хичээлээ үзэх боломжтой. Нэг гэрээс нэгээс олон хүүхэд өөр өөр сургуульд явдаг бол хоёуланд нь интернэт хэрэгтэй. Гэхдээ сургуулиа нээх нь зайлшгүй зүйл, ерөнхий сайд Борис Жонсоны үүрэг. Сургууль нээгдвэл эцэг эхчүүд ажилдаа орж, эдийн засаг хэвийн горимд шилжнэ” гэжээ. Гэхдээ багш нар болон зарим судлаачдын зүгээс хэрвээ сургууль хичээллэж эхэлвэл пабуудаа хаах ёстой,  олон хүн цугласан газрууд халдвар тараах өндөр эрсдэлтэй хэмээн үзэж байна. Тэгэхээр сургуулиудаа нээж хүүхдүүдийн боловсролыг дэмжих, пабаа нээж эдийн засгаа сэргээх хоёрын аль чухлыг нь Жонсон  сонгоно. Гэхдээ тархалт бага байвал сургуулиа ч пабаа ч нээж энгийн амьдралд шилжих боломжтой.

Эх сурвалж:BBC