Б.ДОЛЖИНЖАВ

“Ковид-19”-ийн улмаас эрт хаагдсан Японы  сургуулиуд үүд хаалгаа нээлээ. Цар тахлын улмаас Японд 1794 бага, дунд, ахлах сургууль хаагдсан. Тэднээс 1710 нь зуны амралтаа богиносгож хичээллэж эхлэхээр төлөвлөсөн талаар Боловсролын сайд нь  мэдээлжээ. Сурагчид энэ үеэр зуны амралттай байдаг хэдий ч эрт хаагдсан учраас ийнхүү даваа гаригаас хичээллэж эхэлсэн байна. Японы сурагчид зундаа сар гаруй амардаг ч энэ зун зөвхөн ес хоног амраахаар эрх баригчид нь шийдвэрлэжээ. “Зуны амралт маань урт үргэлжлээгүй ч найзуудтайгаа уулзсандаа баяртай байна” хэмээн 11 настай Сузаку Фуживара ярьсан байна. Түүний сургууль ердөө есхөн хоног амарсан юм.

Сургуулиуд халдвараас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулахын тулд шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай болж байна. Ёокохама хотын Ушиодра бага сургуулийн хичээл 08:00 цагт эхэлж байгаа бөгөөд сурагчид бүгд маск зүүнэ. Мөн нэг ширээнд нэг сурагч сууна.  Гэхдээ сүүлийн өдрүүдэд Японы зарим хотуудад 35 градус хүртлээ халж байгаа учраас халуун өдрүүдэд сурагчдыг маскаа тайлахыг зөвшөөрчээ. Нагояа хотын Шимузи бага сургуулийн захирал Томио Сузуки “Урьд өмнө байгаагүй шинэ  вирусаас үл харгалзан хамтдаа энэ оныг хамгийн сайнаараа даван туулахын төлөө хичээцгээе” гэж нээлтийн үеэр хэлжээ.  

Эх сурвалж:Japan Today