Б.ДОЛЖИНЖАВ
Авлигын хэргээр шалгагдаж байхдаа эх орноо орхин явсан Испанийн хаан асан Жуан Карлос Арабын нэгдсэн Эмират улс руу аялсныг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнийг Абу Дабид айлчилж буй зургийг нь Испанийн хэвлэл “NIUS” нийтэлсэн байна. Тэрээр энэ сарын 3-нд “Испанийн ард түмэнд та хааны хувьд маш сайн үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би Испанийг орхин явахаар боллоо” гэсэн захидал хүүдээ үлдээсэн юм. Үүний дараахан аль орон руу явсан бол хэмээх ширүүн маргаан Испанид өрнөсөн.
Орон нутгийн хэвлэлүүд түүнийг Карибын тэнгисийн Доминиканын Бүгд найрамдах улс эсвэл хөрш Португал руу \ явсан хэмээн мэдээлж байсан. Гэтэл дээрх зураг нийтлэгдсэнээс хойш Абу Дабигийн таван одтой “Emirates Palace” зочид буудлын бүхэл бүтэн нэг давхарыг эзэгнэн амьдарч байгаа хэмээн мэдээлж байна. Мөн түүнийг Абу Дабигийн хунтайж Мохаммед бин Заяед ал-Нахяантай дотно харилцаатай байсан гэж мэдээлсэн. Гэхдээ Испанийн эзэн хааны гэр бүл болон Засгийн газар түүнийг хаана байгааг зарлахаас татгалзсаар байна.
Өнгөрсөн зургадугаар сард Испанийн Дээд шүүх Жуан Карлог Саудын Арабын өндөр хурдны зам барих гэрээнд оролцсон хэмээн сэжиглэж шалгаж эхэлсэн юм. Тэрээр 40 орчим жил хаан ширээнд заларсны дараа 2014 онд өөрийн хүү Фелипт албан тушаалаа залгамжлуулсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11 МЯГМАР № 153 (6378)