Б.ДОЛЖИНЖАВ
Хойд Солонгос цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн үйлдвэрлэж, баллистик пуужиндаа жижиг цөмийн төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй хэмээн зарим орон үзэж байна. Тухайлбал, НҮБ-ын дипломат ажилтан “Пхеньян жижиг цөмийн төхөөрөмжтэй баллистик пуужин үйлдвэрлэсэн” гэж “CNN”-д ярьжээ. Цөмийн зэвсэг ашиглахыг хориглосон НҮБ-ын хоригийг Хойд Солонгос зөвшөөрсөн бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 15 оронд тараасан гэж нэрээ нууцалсан эх сурвалж ярьсан байна. НҮБ-ын хараат бус шинжээчдийн зөвлөлийн тайланд “БНАСАУ нь цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулж байна. Үүнд баяжуулсан уран олборлож, цөмийн тогоонд туршилт хийж байна” гэжээ.
Хойд Солонгос 2018 оны тавдугаар сард цөмийн зэвсгийн барилгаа нураах, татан буулгахаа амласан. Гэвч энэ барилгынхаа орох хаалгыг нураасан бөгөөд бүхэлд нь нураасан зүйл ажиглагдаагүй хэмээн тайланд дурьджээ. Зарим улс Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилт хийхийн тулд дэд бүтцээ гурван сарын дотор сэргээж, дахин барьж чадна гэж үнэлжээ.
Олонд мэдэгдсэн цөмийн туршилт 2017 оны есдүгээр сараас хойш Хойд Солонгост болсонгүй. Тус улсын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сарын 27-нд “Манай улс цөмийн зэвсэг бүтээсэн ч дайн болохгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. НҮБ-аас АНУ-д суугаа Элчин сайд Келли Крафт мягмар гаригт болсон хурлын үеэр “Пхеньяны талаарх АНУ-ын бодол одоо ч өөрчлөгдөөгүй. Манай улс бүс нутагтаа цөмийн зэвсгийг устгахыг хичээж байна.
Энэ бол зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой зүйл” гэжээ. НҮБ-ын сүүлийн мэдээгээр тус улсад хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байна. Мөн өнгөрсөн жил Хойд Солонгос банк, криптовалютын биржийг дээрэмдэж хоёр тэрбум ам.долларын ашиг олсон талаар дээрх тайланд дурджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7 БААСАН № 151 (6376)