Б.ДОЛЖИНЖАВ
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад “Ковид-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд нь тусалж нэг тэрбум ам.долларын зээл олгоно гэдгээ Латин Америкийн орнуудын цахим хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр “Өөрийн орондоо вакцин үйлдвэрлэх нь бүх нийтийн хүртээл болгоход тустай. Тиймээс эдгээр улсууд өөрийн орондоо вакцин үйлдвэрлэхэд нь дэмжлэг болгож нэг тэрбум ам.долларын зээл олгоно” гэжээ. Үүний дараа Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор Хятадад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Бид БНХАУ-ын Засгийн газар, ерөнхийлөгчид маш их талархаж байна. Цар тахлаас сэргийлэх эмнэлгийн багаж хэрэгслийг бид Хятадаас тусгай үүргийн тусламжийн онгоцоор авч байсан. Харин одоо эм, эмнэлгийн багаж хэрэгсэл авах хангалттай санхүүжилттэй боллоо” гэжээ. Цахим хуралд Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрардаас гадна Аргентин, Барбадос, Чили, Колумб, Коста Рика, Панам, Эквадор, Перугийн мэргэжилтнүүд оролцжээ. Энэ үеэр Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Хятад Латин Америк, Карибын тэнгисийн орнууд хамтдаа энэ аюулын эсрэг зогсох ёстой. Цар тахалтай тэмцэхийн тулд хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, олон талт үзэл баримтлалыг бэхжүүлэх хамтын нийгэмлэг байгуулна” гэв. Тавдугаар сарын сүүлээр Латин Америк коронавирусын тархалтын голомт болж байсан. Харин сүүлийн долоо хоногийн мэдээгээр Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд нь нас баралтаараа АНУ, Канадыг давж байна гэж Жонн Хопкинсийн их сургууль мэдээлжээ.
Эх сурвалж: CNN