Б.ТУУЛ 

“COVID-19” цар тахал кино урлагийн салбарт асуудал үүсгэсэн хэвээр байна. Халдварын тархалт буурахгүй байгаа кино театруудыг хаалгаа барихад хүргэж,  тун удахгүй нээлтээ хийх байсан үзвэр үйлчилгээнүүд, үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байсан кинонууд нээлтийн товоо хойшлуулсаар байна. Үзэгчдийн сэтгэлийг бага болов ч тайтгаруулах үүднээс “Disney студи” уран бүтээлүүдийнхээ талаар “Vanity Fair” сэтгүүлд мэдээлэл өгчээ. Тухайлбал, Хятадын жүжигчин, дуучин бүсгүй Лю Ифэйнийн гол дүрд нь тоглосон "Mulan" киноны нээлт гуравдугаар сард болох байсан ч долдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр товлосон. Гэсэн ч цар тахал дарагдахгүй байгаа учраас киноны нээлтийг дахин хойшлуулж энэ сарын 21-нд олон улсад нээхээр товложээ. 
Мөн Скарлетт Йоханссоны гол дүрд тоглосон "Black Widow" киноны нээлт арваннэгдүгээр сарын 6-нд үзэгчдэд хүрэхээр төлөвлөсөн байна. Харин Холливудын од Анжелина Жоли, Кумэйл Нанжиани, Кит Харингтон нарын тоглосон "Eternals" киноны нээлт 2021 оны хоёрдугаар сарын 12-нд болж хойшлогджээ. Түүнчлэн доктор Стрэнжийн тухай хоёр дахь кино 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийх бол Торын тухай шинэ кино 2022 оны хоёрдугаар сарын 18-нд гарахаар товлогджээ. Харин үзэгчдийн эртний танил, сэтгэл хөдөлгөм адал явдалтай "Indiana Jones 5" киног бид 2022 оны долдугаар сард дэлгэцнээ хүлээн авах юм байна. 
Үүнээс гадна найруулагч Уэс Андерсоны "The French Dispatch" кино долдугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан ч “Indie Wire” сэтгүүлийн мэдээлснээр аравдугаар сарын 16-нд болгон хойшлуулжээ. 

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2020.7.31  БААСАН № 146 (6371)