Б.ДОЛЖИНЖАВ 

Японы сөнөөгч онгоцны нисгэгч, дэд хурандаа Такамичи Широта өөрийн орны агаарын хүчнийхэнд ирэх дарамт нэмэгдэж байгаа талаар мэдэгджээ. Японы сөнөөгч онгоцны нисгэгч нар Японы агаар дахь болзошгүй халдлагыг зогсоохын тулд өдөрт хоёроос илүү удаа бүрээн дуу сонсож, суудлаасаа босч, тийрэлтэт онгоц руугаа гүйж байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын сүүлээр Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчинд (JASDF)  ийм зүйл 947 удаа тохиолджээ. Үүний буруутан нь ихэнх тохиолдолд Хятадын ардын чөлөөлөх армийн агаарын хүчин (PLAAF) -ийн байлдааны онгоцнууд байсан юм. Хятадын Гадаад  харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч  Зао Ли Жиан лхагва гаригт “CNN”-д  “Дяоюу болон түүний харьяат арлууд нь угийн Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад өөрийн нутаг дэвсгэрийнхээ тусгаар тогтнолыг хамгаалахад тууштай зүтгэнэ. Хятадын цэргийн нисэх онгоцны энгийн нислэг нь олон улсын хуульд нийцсэн өөр улсад аюул учруулахгүй” гэж ярьжээ. Харин Окинава дахь Наха агаарын баазын JASDF 204 дүгээр сөнөөгчдийн командлагч 40 настай Широта “Манай нисгэгчид 365 өдөр 24 цагийн турш сэрэмжтэй ажилладаг. Агаарын өөрийгөө хамгаалах хүчин бол Японы газар нутгийг хамгаалах цорын ганц байгууллага юм. Хятадын онгоцнуудтай мөргөлдөөгүй ч үүнд үргэлж сэтгэл зовдог. Агаарын  довтолгооноос хамгаалах нь япон хүний амь насыг хамгаалахтай шууд холбоотой. Би Японыг хамгаалахын тулд офицерын үүргээ зүрх сэтгэлээсээ гүйцэтгэж байна” гэжээ. 

\Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)