Б.ДОЛЖИНЖАВ
ОХУ-ын Хабаровск мужийн захирагчаар 2018 оны сонгуулиар сонгогдсон Сергей Фургалыг аллагын хэрэгт буруутган энэ сарын 10-нд баривчилсан. Тэгвэл энэ баривчилгааг эсэргүүцэн мужийн иргэд Засгийн газрын байрны урд талд байрлах Ленинийн талбайд гурав дахь долоо хоногтоо жагсаж байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн жагсаал чөлөөт сэтгүүлч, блогчид, Кремлийн удирдлагад байдаг телевизүүдийн хэрэглэгчдийг нэгтгэн 100 мянга болтлоо хүрээгээ тэлжээ. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн нэгдэхэд 50 настай Фургалыг ажлаас нь чөлөөлж, оронд нь 39 настай Михайль Дегтярёвыг захирагчаар томилсон нь жагсагчдын уурыг улам хүргэсэн юм. Учир нь Михайль, Фургалын харьяалагддаг Оросын Либерал Ардчилсан намын гишүүн боловч хэзээ ч Хабаровск мужид амьдарч байгаагүй юм. Оросын хуулиар жагсагчид эрх баригчдаас урьдчилан зөвшөөрөл авах ёстой. Эрх баригчид Хабаровск мужийн иргэдийг тайван жагсаал явуулахыг зөвшөөрсөн ч цар тахлыг далимдуулан хөл хорио тогтоогоод байна. Хэдийгээр хөл хорио тогтоож, иргэдийг торгож байгаа ч тэд жагссаар байгаа төдийгүй баривчлахыг оролдвол галдан шатаах болно гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30 ПҮРЭВ № 145 (6370)