Б.ДОЛЖИНЖАВ
Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонароу энэ сарын 7-нд коронавирусын халдвар авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний дөрөв дэх шинжилгээний хариу сөрөг гарч, эдгэрсэн гэдгээ өчигдөр зарлалаа. Шинжилгээний хариу сөрөг гарсныг зарласныхаа дараа нь Жайр Болсонароу хамгаалалтын ажилтнуудтайгаа хамт мотоциклитой дэлгүүр оржээ. Энэ үеэрээ замд тааралдсан хүмүүстэй маскаа тайлж зурагаа даруулсан байна. Түүнчлэн өнгөрсөн пүрэв гаригт ерөнхийлөгчийн ордныхоо цэцэрлэгт хүрээлэнгийн цэвэрлэгч нартай маскгүйгээр ярилцаж буй нь зурагчдын дуранд өртжээ. Мөн өнгөрөгч даваа гаригт Болсонароугийн кабинетын 65 настай сайд Оникс Лоренцони, хуучин боловсролын сайд Милтон Рибейро нар коронавирусын халдвар авсан билээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 2.3 сая хүн халдвар авч, 86 мянган хүн нас барснаар тархалтаараа АНУ-ын дараа бичигдэж байна.
Эх сурвалж: Euronews