Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхий дахиныг хамарсан шинэ төрлийн коронавирусын улмаас олон байгууллага үүдээ барьж, түүнийг дагасан олон сая хүн ажлын байраа алдах нь нэгэнт тодорхой болсон билээ. Тэгвэл энэ оны эхний хоёрдугаар хагасын байдлаар “Ковид-19”-ийн улмаас  ажил эрхлэлт 14 хувиар буурч, дэлхий дахинаа 400 сая цагийн ажлын байр үгүй болсныг Олон улсын хөдөлмөрийн бирж мэдэгдсэн талаар RT.COM сайт өчигдөр мэдээллээ. Тус бирж өмнө нь ажил эрхлэлт 10.7 хувиар багасч, 305 сая ажлын байр үгүй болно хэмээн тооцоолж байсан юм. Ажилгүйдлийн энэ шуурганд хамгийн их хохирол амссан нь АНУ юм. Тус улсад ажил эрхлэлт 18.3 хувиар буурч улмаар 70 сая цагийн ажлаа алджээ. Богино хугацаанд олон сая ажлын байр үгүй болсны шалтгааныг цар тахлын улмаас ажлын цаг багассан, зарим албан байгууллага тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна хэмээн дүгнэжээ.

Өнгөрсөн оны сүүлтэй харьцуулж үзвэл энэ оны сүүлийн хагас гэхэд ажил эрхлэлт 4.9 хувиар буурах буюу 140 сая цагийн ажлын байр үгүй болно хэмээн тооцоолжээ. Цаашдаа улс орнууд хөл хориогоо сулруулж, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, хөрөнгө оруулалтууд хийгдэж эхэлбэл энэ тоо буурна хэмээн үзсэн байна. Харин “Ковид-19”-ийн хоёр дахь давлагаа ирж дахин хөл хорио тогтоох юм бол эдийн засгийн сэргэлт удааширч ажлын цаг 11.9 хувиар буурч, 340 сая ажлын байр үгүй болно.

Хэрэв бүх зүйл хуучин хэвэндээ орж, ажлын байрууд сэргэж, ажилчдын идэвх нэмэгдэх юм бол дээрх тоо 34 сая болж багасах юм. Энэ талаар Олон улсын хөдөлмөрийн биржийн ерөнхий захирал Гай Райдер “Энэ цар тахал ирэх 2030 он гэхэд  ямар үр нөлөө үзүүлэхийг тооцоолон ийм дүгнэлтэд хүрлээ. Хэрэв бид энэхүү хямралаас  хурдан гарахыг хүсвэл хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн сайнаараа хичээж, олон зүйлийг хийж бүтээх хэрэгтэй” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.7  МЯГМАР № 131 (6356)