Дамдины ЭНХЭЭ
Дэлхийн хоёрдугаар дайны гол сургамжийн тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өгүүлэл бол түүхийг дахин өөрчлөн бичиж байгаа барууны түншүүдэд “ухаарцгаа!” хэмээн бас нэгэн удаа сануулсан хэрэг юм. Миний бодлоор Путин өгүүлэлдээ стратегийн хоёр зорилго баримталсан. Эхнийх нь барууны суртал ухуулагч нар болон Дэлхийн хоёрдугаар дайны талаар маргаж мэтгэлцэх эрхийг түүхчдэд олгох гэсэн мунхаг улстөрчдийг уриалах явдал. Тухайлбал, нууцалсан архиваа нэгмөсөн нээж, ил тод болгосны үндсэн дээр тэрхүү дайн яагаад гарах болсныг хамтдаа ухаарч ойлгохыг бусад улс оронд В.Путин уриалсан.
Зөвлөлт Холбоот Улс руу фашистын Герман гэнэт довтолсон тухай аймшигт мэдээг москвагийнхан 1941 оны зургадугаар сарын 22-нд радиогийн мэдээллээс олж мэднэ. РИА Новости-гийн гэрэл зураг
Түүх бол зэр зэвсэг биш
Путин өгүүллийнхээ хоёр дахь зорилгын хүрээнд түүхийг зэр зэвсгийн зориулалтаар ашиглаж болохгүй хэмээн Орос улс үзэж байгаа гэдгийг Барууныханд хэлсэн.
Өнөөдөр Баруунд чухам яг ийм үйл явдал өрнөж, Дэлхийн хоёрдугаар дайнд хамаатуулан Оросын эсрэг бодол эргэцүүлэл байнга шинээр үүсч бий болсоор байна. Түүхэн баримтыг бага сонирхож, орчин үеийн зөрчилдөөнд ялалт байгуулах явдал л харин санаа тавих гол асуудал болж байна. НАТО-г цаашид өргөтгөх, Барууныхны үзэж байгаагаар өөрсдөд нь аюул занал учруулах неоимпериализмын асуудлаар Москваг байнга шүүмжилсээр байхыгаа хууль ёсны болгож зөвтгөхийн тулд Орос улсыг мөнхийн “аймшигт хадны мангаа” болгохыг хүсч байна.
Үүн дээр нэмээд Ялтын болон Подстамын уулзалтаар өөрсдийнх нь жижиг улсыг “Баруундаа” багтааж авалгүй, Сталинд “өгсөн” гэдэгт барууны улсууд “буруутан” мэтээр Польш, Балти орчмын улс орон, мөнөөх Украин зэрэг улс орнууд тоглолт хийж байна. Тиймдээ ч тэд өөрсдийгөө золиос болсон хэмээн тунхаглаж, дэмжлэг үзүүлэхийг шаардаад зогсохгүй, Оросын гэсэн болгоноос хөндийрч салж байгаагаа болон өөрсдийн ертөнцийг үзэх үзэл бодлыг гарцаагүй үнэн зөв (аксиом) болгож хүлээн зөвшөөрч эхлэхийг бас шаардаж байна. Үр дүнд нь, Путин ч бас энэ тухай бичсэн, Молотов-Риббентроп нарын пактаас ургуулан Сталиныг Дэлхийн хоёрдугаар дайны гол буруутан болгох, улмаар Тегеран, Ялта, Подстамын бага хурлын ач холбогдлыг бүдгэрүүлэхийг хичээж байна. Ийм оролдлогын цаана Орос улс агуу том гүрний статустай байгаа дэлхий дахины хуучин дэг журмыг нэгмөсөн нурааж, үндсэндээ Барууны нэр хүндэд дулдуйдсан нэг туйлт шинэ дэг журам тогтоох хүсэл эрмэлзэл байна хэмээн Путин харж байна.
Хоёр төгсгөлийн тухай Пакт
Оросын Ерөнхийлөгч үүнийг эсэргүүцэж, коронавирусын цар тахал гариг ертөнцийг бүхэлд нь тамирдуулж, хүссэн ч, эс хүссэн ч хамтарч ажиллахаас өөр аргагүйд хүргэсэн энэ цаг мөчийг ашиглан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэр хүндийг сэргээх, тэдгээрийг бүгдийг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, хамтдаа илүү бат бэх дэлхий ертөнцийг бүтээхийг санал болгожээ.
Миний бодлоор, дараах зүйлийг Путины өгүүллийн нэлээд чухал хэсэг гэж үзэж болно. Нэг: Молотов-Риббентропын пактын нууц протоколыг (Балти орчим болон Польшийг газар нутаг-улс төрийн хувьд өөрчлөн төвхнүүлэх тохиолдолд талуудын ашиг сонирхлын хүрээний хил хязгаарын тухай” “РГ”-ийн тайлбар) ЗСБНХУ бүр 1989 онд зэмлэн буруушаасан, орчин үеийн Орос улс ч мөн тийнхүү зэмлэн буруушааж байгаа гэдгийг тэрээр дэлхий нийтэд сануулсан. Барууныхан эцсийн бүлэгт Москвагийн энэ байр суурийг сонсох ёстой, мөн 1938 оны өөрсдийн үйлдлийг (“Мюнхений хуйвалдаан” хэмээх) болон чимээгүйхэн өнгөрөөхийг туйлаас хичээсээр байгаа Гитлертэй хийсэн нууц хэлэлцээрүүдийг ч мөн зэмлэн буруушаах ёстой хэмээн В.Путин үзэж байгаа ажээ.
Хоёр: Сталиныг цайруулж цагаатгахын тулд В.Путины өгүүлэл бичигдээгүй. Улс орны дотоодод түүний үйлдсэн гэмт хэргийн тухай В.Путин бичсэн бөгөөд харин улс орноо хэрхэн хамгаалах мэдлэг хийгээд гадаад бодлогын талаар мэдрэмжгүй байсан гэдгээр Сталиныг буруутгаж болохгүй хэмээн тайлбарлажээ. Герман хэмээх ганцхан сөргөлдөгчтэй бус, национал-социализм хийгээд большевизм хоёр өөр хоорондоо дайтаж эхлэхийг л гагцхүү хүлээж суугаа Их Британи, Франц хоёртой ч мөн сөргөлдөж байгаа гэдгээ Сталин ухаарч ойлгож байсан. Тухайлбал, Молотов-Риббентропын пактын талаар Черчилль болон Британийн бусад улстөрчийн хэлж ярьж байсан баримтыг нийтэд ил болгож, архиваа нээхийг Лондонд хандан В.Путин зүгээр ч нэг уриалаагүй байх. Баруунд энэхүү баримт бичгийг өнөөдөр тун аюултай зүйл хэмээн үзэж байгаа, харин тухайн үедээ Москвагийн байр суурийг тэнд маш сайн ойлгож, энэхүү хэлэлцээрийг илүү нааштайгаар үнэлж цэгнэж байсан билээ. ЗСБНХУ гарцаагүй болох дайнд бэлтгэх цаг л хожсон болохоос Германы холбоотон огт болоогүй гэдэг нь Баруунд тов тодорхой байсан. Олон нийт үүнд итгэж үнэмшихийн тулд архиваа л зүгээр нээх хэрэгтэй юм.
“Владимир Путин өгүүлэлдээ Баруунтай зөрчилдөхийг зориуд хичээгээгүй”
Гэхдээ, харамсалтай нь, Путины тайлбарыг Баруунд зохих ёсоор хүлээж авахгүй байж болох юм. Түүний өгүүллийн талаар улс төрийн хүрээнийхэн дуугүй өнгөрөх байх. Баруунд дайны талаар маргах нь ямар ч сонирхолгүй болтлоо дайны тухай ойлголт төсөөлөл хэвшиж тогтсонд л хэргийн бүх учир оршино.
Тэр тусмаа тэртээх үйл явдлын талаар өөрийн гэсэн үзэл бодлын хувилбартаа улам бүр итгэсээр байгаа билээ. Одоо Европт Дэлхийн хоёрдугаар дайны үүх түүхийг мартахын тулд бүхнийг хийж байна. Орос улсын хувьд энэ бол ариун дайн, ЗСБНХУ энэ дайнд ялж гарсан, тийм ч учраас орос хүмүүс дайны тухай үнэнхүү сэтгэл хөдлөн ярьцгаадаг. Ялагдсанууд нь харин нам гүм байна. Германууд, францууд, ихэнх нь, нэг бол Гитлерт эзлэгдсэн, эсвэл түүнтэй хамтарч байсан болохоор Европ тив тэр чигээрээ дув дуугүй байна. Үүний хажуугаар олон хүн дайны тухай тун бага мэдэж байна, дунд болон их сургуульд энэ сэдвээр зааж байгаа хичээлийг хараад би сэтгэл шимширдэг юм. Ийм эсэргүүцэл байгаа хэдий ч Путины өгүүлэл Петербургийн харилцан яриа (диалог) мэтийн ямар нэг платформууд дээр түүхчдийг хэлэлцүүлэг хийхэд хүргэнэ гэдэгт би юутай ч итгэл дүүрэн байна.
Баруунд нэр төр сэрээх
Миний бодлоор, В.Путин өгүүлэлдээ Баруунтай зөрчилдөхийг зориуд хичээгээгүй. Өөртөө маш шүүмжлэлтэй хандсанаараа барууны уншигчийн хувьд энэ өгүүлэл үнэхээр чухал. Байр суурийг нь сонсохын тулд Москвад юу хэрэгтэйг Путин сайтар ойлгож байна. Энэ дайнд Орос улс ялсан гэдгийг тэр зориуд бичээгүй. Энэ бол тухайн үеийн ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч, аж төрж байсан үндэстнүүдийн ялалт байсан гэдгийг тэрээр өгүүлбэр бүхэндээ онцолж байна. Энэ бол хамтын ялалт байсан.
Дэлхийн хоёрдугаар дайнд хамаарах асуудлаар өөрийн байр суурийг хамгаалахын тулд Орос улс холбоотнуудтай болж, барууны улс орнуудтай, тухайлбал, Америктай яриа хөөрөө эхлүүлж, ярилцах хэрэгтэй гэх ойлголт, нэр төрийг эгэл жирийн хүмүүст сэрээх хэрэгтэй. ТУХН-ийн улс орнууд хийгээд үнэн хэрэгтээ өөрөө Германы довтолгооны золиос болсон ч өөрийгөө ЗСБНХУ-ын золиос болсон хэмээн харагдуулах гэсэн бүхий л оролдлого нь үнэхээр инээдтэй болгож байгаа мөнөөх Украины зүгээс ч өөртөө үзүүлэх дэмжлэгийг хангах явдал чухал юм. Оросын байр суурьтай ойр байх болно гэдэгт миний итгэлтэй байгаа Хятад улсад ч Дэлхийн хоёрдугаар дайны талаар хэлэх үг бий. Энэхүү өгүүлэл Барууныхны нүдийг нээнэ гэж хэлбэл буруутна, гэхдээ хариугүй хоосон үлдэхгүй гэдэг бол харин баттай.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
2020.6.25 № 123 (6348)