Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлд байгаа мэдээллээр барууны орнууд Үндсэн хуулийг шинэчлэх талаар  үндэсний хэмжээнд  санал хураалт явуулахын  өмнө ОХУ  дахь нөхцөл байдлын тэнцвэрийг алдагдуулах зорилгоо эрчимжүүлэхийг зорьж байна гэж нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдээлжээ. Тэрээр “Мөн улс төрийн үйл явдалтай зэрэгцэн  төрийн бус байгууллагуудын тусламжтайгаар    үндсэрхэг   болон салан тусгаарлах үзэлтэй хөдөлгөөний хүчнийхнийг  өдөөн хатгахын тулд  ОХУ-ын  бүс нутагт байгаа боломжоо ашиглан  үйл ажиллагагаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна” гэж “AIF” сонинд ярьжээ. Түүнээс гадна барууны орнууд  Засгийн газрын үндэс суурийг бүрэлдүүлдэг ОХУ-ын түүх, соёл, ёс суртахуун, сэтгэл санааны үнэт зүйлийг устгах зорилгоор Москвад үзүүлдэг  хэвлэл мэдээллийн дарамтаа эрчимжүүлэхийг зорьж байна гэв. Тэдний гол даалгавар бол олон нийтийн санаа бодлыг удирдахын тулд  ОХУ-ын нийгмийг хагалан бутаргах, үнэт зүйл, харийн соёлын загварыг тулгах юм гэж Николай Патрушев мэдэгдэв. ОХУ-ын Үндсэн хуульд шинэчлэл оруулах тухай үндэсний санал хураалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд болох байсан билээ. Гэвч ерөнхийлөгч Владимир Путин  коронавирусын улмаас хугацааг нь хойшлуулсан санал хураалт ирэх сарын 1-нд болно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.11 ПҮРЭВ № 114 (6339)