Х.ОЮУНБОЛД

 

БНХАУ-ын Засгийн газрын зөвлөх эмч, халдварт өвчин судлаач 2003 онд “SARS” цар тахлыг илрүүлсэн Чжунь Наньшань  Ухань хотын эрх баригчдыг  коронавирусын тархалтын талаар эртхэн мэдээлээгүй гол мэдээллийг нуусан гэж буруутгажээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд олон нийтэд  коронавирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг мэдэгдсэн байна.  Түүний энэ ням гаригт “CNN” телевизэд өгсөн ярилцлагад “Ухань хотод өнгөрсөн нэгдүгээр сард энэ халдварт өвчнийг судлахаар ирэхэд орон нутгийн эмч нар надад албан ёсны мэдээ нь  бодит байдлыг тусгахаас хол байна гэж хэлсэн.

Тэр үед орон нутгийн эрх баригчдад үнэнийг хэлэх таалагдахгүй байсан” гэж ярьжээ. Энэ хотын эрх баригчид  энэ долоо хоногт  шинж тэмдэггүй тархах болсон  коронавирусын  тохиолдлыг илрүүлэх зорилгоор 11 сая оршин суугчийг хамарсан олон нийтийн үзлэг хийх 10 хоногийн хугацаатай кампанит  ажлыг хийхээр болжээ. Урьдчилан төлөвлөөгүй энэ арга хэмжээг хэрэгжүүлэх тогтоолыг халдварт өвчний хоёр дахь давалгаа эхлэхийн өмнө  энэ хотын нэгэн байранд  коронавирусын зургаан шинэ  тохиолдол бүртгэгдсэний дараа гаргасан байна. Тэр хүртэл Ухань хотод өнгөрсөн сарын 3-нд хамгийн сүүлчийн тохиолдлыг илрүүлээд байсан юм.  БНХАУ-ын эмнэлгийн албан хаагч нар энэ хотын  222.700 мянга гаруй иргэнээс дээж авч сорил хийжээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс хоёр дахин их хүмүүст хийсэн гэсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. БНХАУ-ын  Эрүүл мэндийн үндэсний комиссын тайланд сүүлийн 24 цагийн дотор халдвар авсан таван тохиолдол оношлогдсон гэж бичжээ. Ухань хотод  шинэ халдвар авсан тохиолдол илэрсний дараа энэ сарын 14-нөөс  иргэдэд үнэ төлбөргүй сорил хийнэ гэж хотын эрх баригчид мэдэгдсэн байна.  Энэ сорилын зардлыг мужийн болон дүүргийн эрх баригчид хувааж төлнө. Тиймээс иргэд төлбөр төлөх шаардлагагүй гэж энэ сарын 18-нд  олон нийтэд гаргасан мэдэгдэлд онцолжээ.  Энэ өвчний халдвар авсан тохиолдол өвчин дэгдсэнээс хойш БНХАУ-д 82947 хүрч, 4633  хүн нас бараад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.19  МЯГМАР № 98 (6323)