© Алексей Никольский/пресс-служба президента РФ/ТАСС
Д.ЭНХЭЭ
Оросын соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд улс орон өндөр технологийг тулгуур болгох ёстой гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин итгэлтэй байна.
"Орос улс бол зүгээр нэг улс орон төдийгүй, бие даасан тусгаар соёл иргэншил юм. Энэ бол асар их уламжлал, соёл, шашин шүтлэгтэй олон үндэстэн ястан бүхий улс орон. Хэрвээ бид соёл иргэншлээ хадгалж үлдэхийг хүсч байгаа бол, мэдээж, чухамхүү өндөр технологи, ирээдүйн хөгжлөө тулгуур болгох ёстой” хэмээн “Россия-1” сувгаар өнгөрсөн ням гаригт нэвтрүүлсэн “Москва. Кремль. Путин” хөтөлбөртэй ярилцахдаа төрийн тэргүүн онцолжээ.
2019 оны есдүгээр сард өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч дэлхий ертөнцийг өндөр технологи аль хэдийн өөрчилж байгааг онцолсон. “Хиймэл оюун ухаан, нисгэгчгүй техник, генетик, анагаах ухаан, боловсрол энэ бүхэн улс орон хөгжих тэрхүү үндэс суурь нь байх болно” хэмээн В.Путин хэлж байсан билээ.
Түүний хэлснээр өндөр технологийн салбарт бусад улс орны гаргасан ололт амжилтад анхаарал хандуулах хэрэгтэй, гэхдээ өөрийнхөө бий болгосон суурь, түүний өрсөлдөх давуу талыг ашиглахаа мартахгүй байх явдал чухал ажээ. "Хэрвээ бидэнд суурь шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний дэг сургууль, инженерийн боловсон хүчин байгаагүй бол одоогоор дэлхийн ганц ч улс оронд байхгүй өндөр технологийн өөрийн зэвсэглэл хэзээ ч байхгүй байх байсан” хэмээн Ерөнхийлөгч онцолжээ. “Эдгээр ололт амжилтыг бид одоо иргэний салбар руу шилжүүлэх шаардлагатай төдийгүй, хамгийн өргөн утгаар нь авч үзвэл бүр өнгөрсөн үеийнхний гаргасан ололт амжилтад тулгуурлах хэрэгтэй байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn