АНАТОЛИЙ КОШКИН
Асар их хөрөнгө, хүчин чармайлтыг бэлтгэл ажилд зориулан зарцуулсан Токиод болох зуны Олимпийн тоглолтыг зохион явуулах графикт өөрчлөлт оруулах вий гэхээс Токиогийн эрх баригчид, юуны өмнө нийслэлийн засаг захиргааны аймгийн амбан захирагч Юрико Коикэ хэр зэрэг санаа зовниж байгааг ойлгож байна. Япон улсад COVID-19 коронавирусын тархалт зогсохгүй байгаа шалтгаанаар тоглолтын хугацааг өөрчлөх, аль эсвэл бүр цуцлах талаар гарч байгаа болгоомжилсон хэл яриа тэдний эгдүүг хэр зэрэг хүргэж байгааг ч төсөөлж байна.
Япон улсын төрийн далбаа
Гэхдээ амбиц амбицаараа, харин халдвар, тэр тусмаа тахал тараахгүйн төлөө санаа тавих гэдэг тэс өөр зүйл. Тэгээд ч эцсийн бүлэгт шийдвэрийг амбан захирагч Коикэ ч биш, эсвэл ерөнхий сайд Абэ ч биш, харин Олон улсын олимпийн хороо (ОУОХ) гаргах болно. Эхэндээ нөхцөл байдлыг дэвэргэж хурцатгахгүй байхыг Японы талаас хүссэн хэдий ч энэ байгууллагын хувьд хариуцлагыг өөртөө үүрэх шаардлага бий болж байна.
Тамирчид, хөгжөөн дэмжигчдийг халдвар авахаас сэргийлэхүйц аюулгүй байдлыг хангах цаг хугацаа бүхий болзол шаардлагыг үнэн хэрэгтээ япончуудад тавьсан ОУОХ-ны гишүүн Ричард Паундын мэдэгдэл нийтэд нэгэнт ил тод болов. Хугацаа – тавдугаар сар. “Та нар, мэдээж, хоёр сарын хугацаа авч болох юм. Гэхдээ олон зүйлийг одоо хийх ёстой. Аюулгүй байдалд анхаарал тавих, Олимпийн тосгон, зочид буудлуудын хоол хүнсийг нягталж шалгах ажлыг эхлэх хэрэгтэй” хэмээн ОУОХ-ны гишүүн Паунд онцлов. Ингэж хэлэхдээ тэр хэрэв баталгаа гаргаж өгч чадахгүй бол Тоглолтыг өөрчлөхөөс өөр аргагүй болно гэдгийг ойлгуулсан аж.
Паундын хэлснээр итгэлгүй байна гэдэг бол маш ноцтой асуудал, харин ОУОХ хийх гэж байгаа алхам нэг бүрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), бас НҮБ-0тай зөвшилцөн тохирох ёстой. Олимпийг өөрчлөх тухайд тэрээр “Энэ бол тун амаргүй шийдвэр, өөрчлөх асуудлыг үндэслэл болгож болохуйц баталгаа нотолгоо бүхий баримт сэлтгүйгээр зүв зүгээр ийм шийдвэр гаргаж болохгүй” хэмээн онцлов. Үүний хамт тэмцээн зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг богино хугацаанд бэлтгэх газар дэлхий дахинд цөөхөн болохоор Тоглолтыг өөр улс оронд шилжүүлнэ гэдэг бараг байж боломгүй хэмээн ОУОХ-ны гишүүн үзэж байгаа юм байна.
Олимпийг өөртөө хүлээж авахад Их Британийн нийслэл бэлэн хэмээн Лондонгоос хийсэн яаруу сандруу мэдэгдлийн хариу хэмээн түүний энэ үгийг авч үзэж болох юм. Лондоны захирагчийн албан тушаалд нэр дэвшигч нэгэн бий болсон нөхцөл байдлыг хувийн пиардаа ашиглахыг үнэхээр хичээж, ашиг хонжоо хайсан иймэрхүү мэдэгдлийг амбан захирагч Коикэ цухалдан буруутгасныг тэмдэглэе.
Юутай ч сануулж анхааруулж хэлсэн үг ил тод болсон болохоор Японы эрх баригчид зохих дүгнэлт хийх ёстой. Яагаад гэвэл коронавирус тархах голомт болж хувирсан аяллын усан онгоцны асуудалтай холбоотой тэдний үйлдлийг шуурхай, сайтар нягталж тунгаасан гэж хэлэхэд хэцүү. Энэ талаар Оросын ГХЯ анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүрсэн. Коронавирусын улмаас Иокогама дахь Японы усан буудалд зогсож байгаа далайн аяллын Diamond Princess хөлөг онгоцны талаар Японы эрх баригчид хайнга хандаж байна хэмээн ОХУ-ын гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Мария Захарова онцолсон. Тэдний эмх цэгцгүй үйлдлүүд шинжээчдийн хувьд олон асуулт тавихад хүргэж байгааг тэрбээр онцлон “Үнэнийг хэлэхэд бүгдийн хүсэн хүлээж байсан инновацийн гайхамшигт ид шидийг Японы эрх баригчид үзүүлсэнгүй” хэмээн тэмдэглэсэн билээ.
“Эмх цэгцгүй” үйлдэлд нь япончуудыг мэдээж буруутгаж болно, гэхдээ бүх зүйлээс гадна хөл хорио тогтоох, эсвэл гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал тулгарч, “явдал дунд” шийдвэр гаргах нөхцөл байдалд байсныг нь ойлгох хэрэгтэй.
Аюултай вирусыг газар авахуулахгүйн тулд Японы эрх баригчид зохих ёсны сонор сэрэмж, хичээл зүтгэл гаргаж байна хэмээн би хувьдаа үзэж байна. Улс орны хувьд нэн чухал нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг өөрчилсөн явдал үүнийг гэрчилж байна. Энэ бол Шинэ эзэн хаан Нарухитогийн 60 насны ойг тохиолдуулан эзэн хааны талбайд баяр хүргэх олныг хамарсан ёслол, эрх баригч Либерал ардчилсан намын их хурлыг хойшлуулж, төрөл бүрийн хаврын баяр наадам болон хөлбөмбөгийн дотоодын аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон хүн цугларах арга хэмжээнүүдийг цуцалсан явдал юм.
Халдварыг газар авахуулахгүйн тулд ариун цэвэр – эрүүл ахуйн арга хэмжээг японы эрх баригчид болон хувийн компаниуд хэрхэн үр ашигтай зохион байгуулж чаддагийг Японд багагүй хугацаанд амьдарч байсан хүний хувьд би сайн мэднэ. Яагаад гэвэл шувууны болон гахайн ханиадны үеэр би энэ улс оронд байсан. Өчүүхэн төдий хамрын ханиад хүрэх, за тэгээд гэрээсээ гарах, тээврийн хэрэгслээр явах үедээ урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн амны хаалт зүүдэг япончуудын хувийн сахилга батын тухай би ярьсангүй. Янз бүрийн загвар хэлбэртэй, тэр бүү хэл хүүхдийн тоглоомын зориулалтаар хүртэл амны хаалт үйлдэрлэдэг үйлдвэрлэлийн бүхэл бүтэн салбар энэ улс оронд бий гэж хэлж болно.
Учирсан гай түйтгэрийг хэзээ гэтлэн давахыг өнөөдөр хэн ч хэлж чадахгүй. Коронавирусын эсрэг вакциныг Хятадад гаргаж авсан мэдээ гарч байгаа хэдий ч энэ бэлдмэлийн үр ашиг одоогоор албан ёсны болж баталгаажаагүй байна. Нөгөөтэйгүүр шинэ эмийг, тэр тусмаа гадаадынхыг эмч нар хэрэглүүлэх талаар Японд маш хатуу чанга дүрэм журамтай. Тийм учраас халдварын бүсэд байгаа, эсвэл өвчилсөн хүмүүстэй хавьтсан хүмүүсийг тусгаарлаж, хөл хорио тогтоохыг цорын ганц боломжтой зүйл хэмээн ойлгож байна. Японы хууль тогтоомжоор албадан эмчилж болдоггүй хэдий ч ийм арга хэмжээнээс татгалзаж болохгүй.
Олимпийн тухайд гэвэл, миний бодлоор, Тоглолтыг зохион байгуулагчдын аливаа амбиц бүхий хүсэл зориг хоёрдугаарт тавигдах ёстой, учир нь төрөлх хотдоо спортын тэмцээн байгуулахын тулд үй олон хүний эрүүл мэнд, амь насаар дэнчин тавина гэдэг огт байж болохгүй зүйл. Үүний хамт Токиогийн Олимпийг шилжүүлэх нь зөөлөн хэлэхэд вирусгүй ч гэсэн тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн биеийн байдалд тийм ч таатай бус, хамгийн халуун, чийглэг цаг үеэр зохион байгуулах алдаатай шийдвэрийг засч залруулах боломж олгох биз ээ.
Regnum.ru сайтаас орчуулж бэлтгэсэн Д.Энхээ