Х.ОЮУНБОЛД

Ливийн  үндэсний зэвсэгт хүчний командлагч, маршал Халифа Хафтар Триполи хотод  төвтэй  Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын ерөнхий сайд Файз Саражтай уулзахаар Москвад уржигдар ирсэн гэж Ливийн зүгээс “Спутник” агентлагт мэдээлсэн байна.  Эх сурвалжаас “Халифа Хафтар ОХУ-д очсон. Сараж энэ сарын 13-нд ирнэ. Тиймээс хэлэлцээр ОХУ-д болно гэж найдаж байна” гэв. Үүний өмнө Ливитэй холбоо тогтоодог бүлгийн дарга Лев Денгов “Хоёр орны ирээдүйг хэвийн байдалд нь эргэн оруулах талаар хэлэлцэх уулзалтыг Москвад хийхээр удахгүй очно” гэж “Спутник” агентлагт урьдчилан мэдээлсэн аж. Тэрээр “Хафтар, Сараж нар ОХУ-ын эрх баригчидтай тусдаа уулзана. Гэхдээ ганцаараа уулзах эсэхийг нь мэдэхгүй байна” гэжээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар, Ливийн үндэсний зэвсэгт хүчин ОХУ, Турк мөргөлдөөнд оролцогч талуудад  дайсагнасан байдлаа зогсоох, хэлэлцээр хийхийг уриалсны дараа уржигдар галаа зогсоож байгаагаа зарлажээ. НҮБ-ын зөвшөөрөлтэйгөөр Ливи дэх Засгийн газрын Гадаад харилцааны сайд Мохаммад Сиала “Спутник” агентлагт Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын төлөөлөгчид Москвад ирсэн гэж мэдэгдсэн байна. Харин үүний өмнө ОХУ-ын Гадаад яамнаас Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн Файз Сараж, Ливийн үндэсний зэвсэгт хүчний командлагч Халифа Хафтар  нарыг өчигдөр ОХУ болон Туркийн ерөнхийлөгч нарын санаачилснаар уулзана гэжээ. Мөн энэ уулзалтад Ливийн бусад талуудын төлөөлөгчид оролцоно гэж ОХУ, Туркийн Гадаад харилцааны сайд нар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.14  МЯГМАР  № 8 (6233)