Х.ОЮУНБОЛД

АНУ-ын “Apple” компани ОХУ-ын зах зээлийг сонирхож байна. Гэхдээ ерөнхийлөгч Владимир Путин  орос программ хангамж урьдчилан суулгаагүй электрон хэрэгсэл худалдахыг хориглосон хуулийг баталсны дараа энэ зах зээлийг орхино  гэж  ОХУ-ын  Худалдаа, үйлдвэрийн сайд Денис Мантуров мэдэгджээ. Тэрээр “ОХУ-ын зах зээлийг сонирхож байгаа тэдэнд ашигггүй шийдвэр гаргах нь манай түншүүдэд хохирол учруулахгүй байх гэж бодож байна” гэж “Извести” сонины сэтгүүлчтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан байна.

Мөн ОХУ-д ухаалаг утас сайн зарагддаг. Гэхдээ  өөр гар утас үйлдвэрлэгч компани байдаг учраас хүн бүр “Apple” компанийн утсыг сонгодоггүй гэв.  Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д ирэх оны зургадугаар сарын 1-нээс электрон хэрэгсэл тухайлбал, орос программ суулгаагүй ухаалаг утас, компьютер зарахыг хориглосон хуульд гарын үсэг зурсан байна. Хуулийг санаачлагчид энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр ОХУ-ын компаниудын сонирхлыг хамгаалах, бусад орны том корпорацийн зүй бус хэрэглээг бууруулахад хувь нэмрээ оруулах аргыг хайж байна гэж мэдэгджээ. Мөн гадаадын олон мэргэжилтэн энэ хуулийг  баталсан нь “Apple” компанийг ОХУ-ын зах зээлээс гарах шийдвэрийг гаргахад хүргэх шалтгаан болж болно гэж сануулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.26  ПҮРЭВ  №256  (6223)