Х.ОЮУНБОЛД

Ерөнхийлөгч Владимир Зеленский авлигатай холбоотой гэмт хэргийг илчилсэн тохиолдолд шагнах тухай хуулийг бий болгож гарын үсэг зурсан гэж Украины ерөнхийлөгчийн ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Энэ хууль нь авлига болон түүнтэй холбоотой хэргийн талаар мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн  статусыг тодорхойлно. Тухайлбал,эрх, баталгаа, энэ хүмүүсийг хамгаалах механизмыг тодорхойлно  гэж мэдэгдэлдээ бичсэн байна. Хуулийн дагуу энэ хэргийг мэдээлсэн хүн болон түүний гэр бүлийнхэн  төрийн хамгаалалтад авахаас гадна нэрээ нууцлахыг зөвшөөрнө. Гэхдээ энэ нь болзолтой аж.  Мөн  авлигын улмаас Засгийн газарт учруулсан хохирол нь  387 сая ам.доллараас давсан тохиолдолд шагнал авах эрхтэй юм байна. Олгох шагналын хэмжээ нь илчилсэн авлигын 10  хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байх ажээ. Түүнээс гадна Украинд газар авсан авлигыг бууруулахад хувь нэмрээ оруулах  шинэ хуулийг ирэх нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.  Энэ нь ерөнхийлөгч Владимир Зеленский сонгуулийн үеэр сонгогчиддоо өгсөн амлалтын нэг юм  байна. Тиймээс Украины парламентад санал болгосон  энэ төслийг өнгөрсөн  аравдугаар сарын 17-нд баталжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.15 №227 (6194)