Х.ОЮУНБОЛД

Африкийн орнууд Нью-Йорк хотод өчигдөр эхэлсэн цаг уурын чуулганы үеэр танилцуулах цуврал хүсэлтийнхээ хүрээнд дэлхийн цаг уурын талаар онцгой байдал зарлахын тулд НҮБ-д уриалга гаргахаар төлөвлөжээ. Түүнээс гадна цаг уурын өөрчлөлтийн тухай хэлэлцээр хийж байгаа Африкийн төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр дэлхийн дулаарлыг бууруулах  зорилгоор 2015 онд байгуулсан Парисын  хэлэлцээрийн зорилтуудын хэрэгжилтийг баталгаажуулна гэж найдаж байгаа юм.

Энэ үеэр Габоны ерөнхийлөгч, Африкийн Засгийн газар болон Төрийн хорооны шинэ дарга Африкийн байр суурийг бэлдэхийн тулд  цаг агаарын өөрчлөлт, тавих шаардлагыг танилцуулахаар төлөвлөжээ. Африкийн цаг уурын бодлогын төвийн дарга Жеймс Муромбедзи “Цаг уурын онцгой байдал зарлах нь дэлхий даяар тодорхой арга хэмжээ авах боломжийг олгодог” гэв. Тухайлбал,үүнд Африкийн орнуудад үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийг эрчимжүүлэх асуудлыг багтааж болохыг онцолсон байна.  Нэг  үгээр хэлбэл, Африкийн орнуудын Засгийн газар цаг уур, дөрвөн улирлын цаг уурын хандлагын урьдчилсан мэдээ болон хяналтыг сайжруулахын тулд хөрөнгө цуглуулах аргыг хайж байгаа юм байна. Учир нь үер, салхи шуурга, ган гачиг нь энэ тивийн иргэдийн  амьдрах арга, ургацыг сүйтгэж байгаа аж.

Тухайлбал, Кени, Сомали улс өнгөрсөн жилийн сүүлчээр орсон бороо, Сомалийн хойгоос ус чийгийг холдуулсан шуурганы улмаас ган гачигт автсан байна. Тиймээс Кенигийн Хөдөө аж ахуйн яам хүнс тэжээлийн хямрал болж байгааг зарласнаас гадна эрдэнэ шишийн ургац  дөрвөн хувиар буурна гэж мэдэгджээ. Жеймс Муромбедзи “Африкийн ихэнх оронд дэлхийн хөгжлийн хамтарсан зорилтыг биелүүлэхэд хэцүү болж байна. Тухайлбал, цаг уурын өөрчлөлтийн улмаас энэ орнуудын эдийн засаг, экосистем хохирол учраад байна. Тиймээс  2030 он гэхэд өлсгөлөн, ядуурлыг арилгах боломжгүй” гэв.

Африкийн орнууд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх, удаан хугацаагаар эдийн засгийн  төлөвлөгөөндөө цаг уурын эрсдэлийг тусгахад шаардлагатай хөрөнгөөр дэмжлэг үзүүлэхийг хүсч ирсэн аж. Мөн энэ хүсэлтээ Нью-Йорк хотод болж байгаа чуулганы үеэр дахин тавих юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.24  МЯГМАР  №189  (6156)