-Дорнын эдийн засгийн форум дээр В.Путин Алс дорнодын хөгжлийн юу хэлэв-

Д.ЭНХЭЭ

Дорнын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэв. Тэрээр Алс дорнодын хөгжлийн зорилго, зорилтуудад гол анхаарлаа хандуулав. Төрийн тэргүүний хэлсэн гол санаануудыг эшлэн хүргэж байна.

  • Алс дорнодыг аюулгүй, тогтвортой бүс нутаг хэвээр нь үлдээхийг Орос улс хүсч байна хэмээн Путин хэлэв.
  • “Алс дорнод өнөөдөр ажил хэрэг эрхлэхэд болон хүмүүс хоорондын жирийн харилцаанд учруулдаг янз бүрийн саад тотгорыг арилгаж, улс орон нээлттэй, шинэлэг байхын бэлгэ тэмдгийн нэг боллоо” хэмээн Ерөнхийлөгч онцлов.
  • Өсөлтөөр түрүүлэх замд гарах нөхцөл Алс дорнодын хувьд бүрдсэн, цаашдаа ч энэ бүс нутагт томоохон төсөл, бүтээн байгуулалт өрнөсөөр байх болно. Төр засаг “хүчин чармайлтыг улам эрчимжүүлж”, илүү сайн амжилтад хүрэхийн төлөө шинэ шинэ зорилтуудыг өмнөө дэвшүүлсээр байх болно гэдгийг Путин онцолж тэмдэглэв.
  • Дэмжлэг үзүүлэх арга хэмжээний үрээрсүүлийн таван жилд бүс нутгийн эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт 612 тэрбум рубльд хүрсэн. Энэ хугацаанд Алс дорнодын аж үйлдвэрийн өсөлт 23 хувьд хүрсэн нь улс орны дундаж үзүүлэлтээс бараг гурав дахин их байна гэдгийг Путин онцолж тэмдэглэв.
  • Алс дорнодод эрсдлийн сан байгуулах асуудлыг судалж боловсруулахыг ерөнхийлөгч засгийн газартаа үүрэг болгов. Түүний хэлснээр бүс нутагт шинжлэх ухаан – аж үйлдвэрийн маш том хүчин чадалтай төв байгуулах явдал асар их нөөц, боломжийг бүрдүүлэх ажээ. Санхүүгийн эх үүсвэр нь нэгэнт байгаа болохоор тодорхой шийдлийн санал дэвшүүлэхийг тэрээр тодруулав. 
  • 2024 он хүртэлх хугацаанд Алс дорнодод нисэх онгоцны 40 буудлыг сэргээн засварлана гэдгийг төрийн тэргүүн мэдээлэв. 
  • Илүү ашигтай бусад чиглэлийг эзэмшихийн давуу талыг Алс дорнодод ажил хэрэг явуулж байгаа нисэхийн (авиа) компаниудад тэрээр санал болгов.
  • Сансрын хөлөг хөөргөх Восточный буудлын хөгжилд гадаадын түншүүдийг татан оролцуулахад Орос улс бэлэн байна хэмээн Путин мэдэгдэв. Энэ бол цэргийн зориулалттай сансрын буудал биш, юуны өмнө иргэний зорилгоор хөлөг хөөргөх зориулалттай хэмээн тэрээр онцлов.
  • Алс дорнодод гүн боловсруулалт эрхэлж байгаа компаниудад ОХУ хөнгөлөлт олгох бодолтой байгаа тухай ерөнхийлөгч мэдээлэв. Тэрээр дүнз модны экспортын татварыг нэмэгдүүлж байгааг урамшууллын жишээ болгон дурдав. 
  • Алс дорнодын эдийн засгийн ололт амжилтыг “нийгмийн чиглэлд маш хурдан шилжүүлж”, хүмүүсийн амьжиргааны чанарыг зарчмын өндөр хэмжээнд хүргэх хэрэгтэй байна хэмээн Путин үзэж байгаа ажээ.
  • Алс дорнодод залуу гэр бүлийнхэнд зориулсан жилийн хоёр хувийн хүүтэй орон сууцны зээл олгох хөтөлбөрийг бүр энд онд багтаан эхлүүлж байгааг ерөнхийлөгч зарлан мэдээлэв. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа - таван жил. Уг хөтөлбөр орон сууцны анхдагч зах зээл болон алс дорнодод газар өмчилж авсан иргэдийн хувийн орон сууцны бүтээн байгуулалтад зориулагдана гэдгийг тэрээр тодруулжээ.
  • Оросын лидерийн үзэж байгаагаар Алс дорнодын хөгжлийн шинэ үе шатны нэг дэх гол зорилт бол залуучуудыг дэмжих явдал. Түүний хэлснээр залуу хүмүүс боловсрол олж авах, амьдрал ахуй, ажил мэргэжилдээ өөрийгөө харуулж, гэр бүлээ үүсгэн тохинуулж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, “сэтгэл зүрхэнд нь хамгаас ойр дотно Алс дорнод нутгаа” хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хамгийн өргөн нөхцөл боломжийг бүрдүүлэхэд бүхнийг хийх хэрэгтэй байгаа ажээ. 
  • Гадаадын клиник эмнэлгийн салбаруудыг нээхэд тус дөхөм үзүүлэх эрүүл мэндийн кластерийг Алс дорнодод байгуулах саналыг төрийн тэргүүн дэвшүүлжээ. Түүний хэлснээр энэ нь “үр ашигтай болохоо гадаадад нэгэнт харуулсан эм, арга зүйг ашиглах, элдэв төрлийн илүү төвөг саадгүйгээр гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг татан оролцуулах” боломж олгох аж.
  • Алс дорнодод ирж ажиллах багш, эмч нарын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэхийг Путин санал болгов. Түүний хэлснээр мөн “Хөдөөгийн эмч”, “Хөдөөгийн багш” хэмээх нийт оросын хөтөлбөрийг нутагшуулах хэрэгтэй юм байна.
  • Алс дорнодод соёл – боловсролын болон музейн цогцолбор байгуулах хэрэгтэй хэмээн ерөнхийлөгч үзэж байгаа аж. Тэрээр “Алс дорнод дахь музей, номын сан, театр, соёл, амралт, нэмэлт боловсролын байгууллагын бүхий л сүлжээг үндсээр нь өөрчилж шинэчлэх, тэдгээрийг бүх насны хүмүүс, хүүхэд, залуучуудын сонирхлыг татахуйц амьд, сонирхолтой, орчин үеийн төв болгох” – ыг шаардав.
  • Русский арал дахь Алс дорнодын холбооны их сургууль бол Ази – Номхон далайн бүсийн орон зай дахь боловсролын нэг гол төв байх болно хэмээн Путин мэдэгдэв. Алс дорнодын холбооны их сургууль нь аль хэдийнээ шинэ чадамж, залуучуудын болон олон улсын хоршооллын солилцоо, боловсрол, шинжлэх ухаан, шинэ технологийн эрин үеийн салбар дахь туршилтын төв болсоор байна хэмээн тэрээр онцлов.
  • Эх сурвалж: www.zms.mn