Ж.ЦОГЗОЛМАА

Дэлхийн хамгийн өндөр түвшний үйлдвэрээр тэргүүлэгч эдийн засаг бүхий Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ бүхий долоон улсын дээд хэмжээний уулзалт Францын тансаг эрэгт үргэлжилж байна. Энэ долоон улс манай гаригийн нийт баялгийн тэн хагасыг бүтээдэг билээ. Энэхүү уулзалт нь жил бүр болдог бөгөөд дэлхийн хэмжээний чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцдэг юм. ОХУ 1997 оноос хойш энэ группт багтсаар ирсэн юм. Гэсэн ч 2014 онд эхлүүлсэн Крымын хямралаас хойш Кремль албан ёсоор хасагдсан билээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх жилийн Их долоон улсын уулзалтад ОХУ-ыг урьж оролцуулна хэмээн мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, гишүүн орнууд үл зөвшөөрөхөөс хамаарахгүйгээр ирэх жил В.Путин Цагаан ордны урилгаар энэ уулзалтад хөл тавих бололтой.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Таск уулзалтын өмнөх үдэш “ОХУ Их долоогийн чуулганд оролцох нөхцөл үүсээгүй” гэж мэдэгдсэн ч Д.Трамп сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа гишүүн орнуудын идэвхтэй яриа хэлэлцээ энэ уур амьсгалыг өөрчилнө хэмээн онцолжээ.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэх гэсэн оролдлого нь тус бүсэд иргэний дайн болтлоо хүрээгээ тэлсэн хэмээн Д.Таск буруутгадаг. Улмаар түүний зөвшөөрөлгүйгээр В.Путин Их долоогийн чуулганд оролцох эрхгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Д.Трампын дээрх хүсэлтийг Британийн Ерөнхий сайд Борис Жонсон баталсан бөгөөд “Идэвхтэй ярилцаж байгаа” гэсэн юм. Тэгвэл Европын зөвлөлийн тэргүүн Д.Таск “Анх энэ группт ОХУ уригдан орж ирэхдээ эрх чөлөөт ардчилал, хууль болоод хүний эрхийг дээдэлнэ гэж тунхагласан” гэдгийг сануулсан билээ. Үүнээс удалгүй нэгэн эх сурвалж CNN-д “Францын Ерөнхийлөгч Э.Макрон Д.Трамптай утсаар ярихдаа В.Путиныг тус уулзалтад урьж оролцуулахад нь тусална гэдгээ илэрхийлсэн” гэжээ. Харин В.Путин үүнд огтхон ч санаа зовниогүй байдалтай байна. “Намайг оролцуулахгүй гээд байгаа байгууллагад би хэрхэн нэвтрэх билээ. Энэ бол Их долоогийн уулзалт болохоос биш Их наймын чуулган биш шүү дээ” гэжээ.

The Moscow Times: Д.Трампын саналд ОХУ талархаж байна

В.Путиныг Их долоогийн уулзалтад дахин оролцуулахыг хүссэн Д.Трампын саналын талаар хойд хөршийн мэдээллийн “The Moscow Times” цахим хуудаст Оросын улс төрийн шинжээч, нийтлэлч Владимир Фролов бичсэн байлаа. Түүний өгүүлснээр өнгөрсөн жил Канадад болсон уулзалтаар ч Цагаан ордны тэргүүн энэ санал тавьснаа онцлоод, гишүүн орнуудын дэмжлэг бага байгааг дурдсан байв. Өнгөрсөн жил Д.Трампын энэ саналыг Германы Канцлер Ангела Меркел, Британийн Ерөнхий сайд Тереза Мей нар газар авахуулалгүй “дарж авсан” юм. Зөвхөн Итали улс үүнд эергээр хандсан байдаг. Энэ жилийн хувьд Украины хямрал үргэлжилсээр байгаа нь асуудлыг намжаасангүй.

Ийнхүү Их долоон улсын мэтгэлцээн хүрээгээ тэлэх зуур Францын Ерөнхийлөгч Э.Макрон Украины шинэ тэргүүн Донбассын мөргөлдөөнийг буулгаж авах гарцыг нээнэ гэж итгэж байгаа юм.

CNN:АНУ Их долоод Оросыг яагаад дахин нэгтгэхийг хүсэв?

Оросыг Их долоон улсын уулзалтад дахин элсүүлэх тухай яриа хэлэлцээг эхлүүлэх нь АНУ-д ямар ашигтай вэ гэсэн асуулт урган гарч байна. Тэгвэл энэ талаар CNN-ийн улс төрийн сэтгүүлч, нийтлэлч, Охио мужийн захирагч асан Жон Касич “Тэд буцаж ирэхийг хүсч байгаа бол өөрчлөлтийг хийх ёстой. Тэд энэ группт дахин нэгдэх замаа өөрсдөө бий болгох ёстой” гэжээ.

Орос бол цагаа олсон шинэ гишүүн биш. Үнэхээр л Их долоон улсын групп эдийн засгийн болон ардчилалт улс төрийн системтэй улсыг эгнээндээ нэгтгэх болбол Энэтхэгийг сонгох байсан байж мэдэх юм. В.Путин энэ группт эргэн ирэхийг хүсч байгаа бол наад зах нь Крымийн асуудлаас ангижрах ёстой гэж тэд дүгнэж байгааг CNN онцлов. Бүгд найрамдахчуудын сенатын гишүүн Марко Рабио энэ талаар хэлсэн үгэндээ “Би В.Путинд дургүй. Бид ОХУ-ыг эсвэл энэхүү яриа хэлэлцээ хэрхэн үргэлжлэхийг зогсоож чадахгүй. Гэхдээ бид асуудалд саруул ухаанаар хандах ёстой” гэжээ. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын талаас оролцсон байх магадлалтай гэсэн сэжиг таамаг байдаг ч одоо хэр нь баталж чадаагүй. Бас ОХУ-ын талаас ч үүнийг үгүйсгэсээр ирсэн юм. Түүнээс хойш хоёр улсын тэргүүнүүд хэд хэдэн удаа уулзаж байсан ч Кремлийн тэргүүн онцлох мэдэгдэл хийж байсангүй.

Москвагийн заавал хийх ёстой есөн зүйл

Их долоон улсын тэргүүнүүд энэ долоо хоногийн турш уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг чухал сэдвээр санал бодлоо солилцож байна. Гэсэн ч эдгээрээс давж, олны анхаарлыг татсан нэг зүйл нь яах аргагүй ОХУ-ыг энэ группт дахин нэгтгэх гэсэн Д.Трампын хүсэл. Гэвч үүнийг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж буй нэг тод жишээ бол улс төрийн бодлого, засаглалын мэдээллийн “The Heritage Foundation”-д өнгөрсөн баасан гаригт нийтлэгдсэн тайлан юм. Тайланд дурдсанаар дараах есөн зүйлийг Москва заавал биелүүлж байж дэлхийн нийт баялгийн тэн хагасыг бүтээж буй Их долоогийн бүлэгт эргэн ирэх боломжтой аж. Үүнд, Украины газар нутгийг олон улсад нээлттэй бүс болгох. Өөрөөр хэлбэл, тэнд байгаа Оросын цэрэг армийн ажиллагааг зогсоох, 2014 оноос хойш Украинд хэрэгжүүлсэн арга хэмжээний бүхий л нөхөн олговрыг өгөх зэрэг асуудал багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.29  ПҮРЭВ  №172  (6139)