Х.ОЮУНБОЛД

БНХАУ, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар улс төрийн гадаад бодлогын тухай хамтран ажиллах талаар хэлэлцэх гурван талт уулзалт өчигдөр Бээжинд эхэллээ. Энэ сарын 22 хүртэл үргэлжлэх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И даргалж байгаа энэ хуралд Японы Гадаад хэргийн сайд Таро Кано, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кён Хва нар оролцож байна. Японы Гадаад харилцааны яам “Уулзалтын үеэр гурван орны Гадаад хэргийн сайд нар Япон, БНХАУ, Өмнөд Солонгосын олон салбарын хамтын ажиллагааны хөгжлийн талаар асуудлыг хэлэлцэнэ. Мөн бүс нутгийн болон дэлхийн асуудлыг судална” гэж мэдэгдэлдээ бичсэн байна. Харин Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд гурван жил завсарласны дараа одоо хийж байгаа энэ хурлаар системчилсэн гурван талт хамтын ажиллагаа, тогтвортой байдал сайжирна  гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнээс гадна Бээжинд Өмнөд Солонгос, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарын хоёр талт уулзалтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Хамгийн сүүлд гурван орны  Гадаад хэргийн сайд нарын уулзалт 2016 оны наймдугаар сард Токиод болж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.21  ЛХАГВА  №166  (6133)