Ж.ЦОГ

Компьютер тоглоом болох “Fortnite”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 16 настай америк хүү ялалт байгуулж гурван сая ам.долларын эзэн болсныг ВВС дамжууллаа. Энэ бол е-спортын хамгийн том тэмцээн бөгөөд нийт тоглогчдынхоо дунд 30 сая ам.долларын шагналын сантай юм.

АНУ-ын теннисийн нээлттэй тэмцээн болдог Артур Аше цэнгэлдэх хүрээлэнд болсон ганцаарчилсан төрлийн тэмцээнд 16 настай Кайл Гирсдорф тэргүүллээ. Тэгвэл хос тоглолтын төрөлд Жэйдн Эшмэн хэмээх британи хүү хоёрдугаар байр эзэлж нэг сая еврогийн эзэн болсон байна.

Онлайнд Буха хэмээн танигдсан К.Гирсдорфын нэрийг цэнгэлдэх даяар дуудахад тэрээр ялалт түүнийх болсныг зарласан хэрэг байлаа. Энэ үеэр тэрээр ВВС-д “Би шагналынхаа мөнгийг хадгалахыг хүсч байна. Надад яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол мэдээж шинэ тоглоомын ширээ” гэжээ. “Fortnite”-ийн шувтаргын шатны тоглолтод 100 тоглогч компьютерийн аварга дэлгэцний цаанаас өрсөлдсөн юм. Өнгөрсөн 10 долоо хоногийн турш 40 сая тоглогч энэ тэмцээнд хүчээ сорьсон аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.30  МЯГМАР  №150  (6117)