Ж.ЦОГЗОЛМАА

ОХУ-ын сөрөг хүчний намын лидер Алексей Навальный харшлын хурц урвалын улмаас эрүүл мэнд нь ноцтой аюулд орж эмнэлэгт хэвтсэн юм. Эмч нар түүнийг нэр нь үл мэдэгдэх химийн бодист хордсон байх магадлалтай гэдгийг “Ройтерс” дамжууллаа.

Өдгөө 43 настай А.Навальныйг жагсаал цуглаан хийх хуулийг зөрчсөн хэмээн 30 хоног хорих ялаар шийтгээд байсан юм. Үүний дараа түүний сонгуульд өрсөлдөх эрхийг сэргээхээр эсэргүүцлийн жагсаал хийсэн 1000 гаруй хүнийг саатуулсан билээ.

А.Навальныйн төлөөлөгч Кира Ярмуш “Түүний нүүр болон биеийн бусад хэсэгт улайж, хавдан гөвдрүүтэж, харшлын хурц шинж тэмдэг илэрсэн” гэжээ.

Түүнийг эмчлэгч эмч “Интерфакс” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Навальныйн шинж тэмдгүүдийг эмчилж байгаа. Тэр дээрдэж байна” гэсэн байна.

Гэвч түүнийг анх эмнэлэгт ирэхэд нь эмчилж байсан эмч “Навальный хордсон байх магадлалтай бөгөөд үүнийг тоохгүй байж болохгүй” гэж хэлжээ. “Түүний арьс салстан дээр нэр нь үл мэдэгдэх химийн нэгдлийн хорны аюул нүүрлэсэн шинж чанартай байсныг бид тоохгүй өнгөрч болохгүй. Энэ нь гурав дахь этгээдийн тусламжтайгаар хийгдсэн байх магадлалтай” гэж эмч Анастасиа Васильева өөрийн цахим хуудастаа бичсэн байжээ. Васильевагийн үзэж буйгаар А.Навальныйн арьсан дээр тууралт гарч, хавдсаны дээр, нүднээс нь нуух гарч гэмтсэн байжээ. А.Навальныйн хуульч Ольга Михайлова өөрийн цахим хуудастаа хэд хэдэн удаа бичсэн байлаа. Гэвч тэрээр “Миний үйлчлүүлэгч өмнө хэзээ ч харшилтай байгаагүй, харшлын шинж тэмдэг гарч байгаагүй” гэдгийг онцолсон байв.

А.Навальный 2017 онд зэвсэглэсэн дайралтад өртөж химийн бодист нэг нүдээ гэмтээж байсан бөгөөд эмч нар эмчилгээ хийснээр нүдийг нь аварч байжээ. Энэ оны сүүлээр болох орон нутгийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшсэн тэрээр мандатаа хураалгасны улмаас зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Үүний хариуд түүнийг 30 хоног баривчлан саатуулах ялаар шийтгэсэн билээ. Түүнчлэн түүнийг сонгуульд өрсөлдүүлэхийг шаардан жагссан 1000 гаруй хүнийг ч мөн саатуулсан юм. Үүний дараа Москвад суух АНУ-ын Элчин сайд Андре Калан өөрийн твиттертээ “Москва дахь олон зуун тооны хүнийг баривчилсан нь ардчилсан нийгэмд эрхээ эдэлж буй иргэдийг хүч тэнцвэргүй цагдаагийн сүрээр буулгасан тохиолдол боллоо” гэж бичсэн байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.30  МЯГМАР  №150  (6117)