Ж.ЦОГЗОЛМАА

Пакистаны Ерөнхий сайд Имран Ханы Цагаан ордонд хийх айлчлал нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай нүүр нүүрээ харан уулзах анхны томоохон томилолт болох нь хэмээн ВВС мэдээллээ.

Энэ уулзалт нь Афганы мөргөлдөөний улмаас хурцдаад байгаа хоёр улсын харилцааг сайжруулах зорилтын нэг хэсэг юм. Ноён Д.Трамп өнгөрсөн жилийн эхээр Пакистанд хүргэх аюулгүйн тусламжаа багасгаж, тус улсыг “Худалч, луйварчид” хэмээн буруутгасан билээ. Харин ноён Хан “АНУ-ын тусламж нь Пакистаны эрэгт АНУ-ын тэргүүлэн үүсгэсэн дайны үймээнтэй харьцуулахад хамаагүй жижиг зүйл байлаа” гэж мэдэгдсэн байдаг. Жилийн өмнө тэрээр Пакистаны сонгуульд байгуулсан ялалтынхаа дараа Засгийн газрын тэргүүнээр сонгогдож, улмаар АНУ-тай харилцан ашигтай холбоо харилцааг өрнүүлэхийг уриалсан юм. Гэсэн ч энэ зуур дронын халдлага зэрэг АНУ-ын террористын эсрэг тактиктай холбоотой шүүмжлэлүүд тасраагүй байв.

Түүнчлэн Д.Трампын засаг захиргаа Афганистанаас цэргээ буцаан татах талаар яриа хэлэлцээр хийсэн хэвээр байна. Учир нь энэ бүс нутагт Пакистаны дэмжлэгтэйгээр Талибаны хэт даврагчид үйл хэргээ үргэлжлүүлсээр байгаа гэж тэд буруутгадаг билээ. ОУВС-гаас дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлсний дараа төсвийн тэнцлийг хангах томоохон тэмцэлтэй ноён Хан тулж ирсэн юм. Тиймээс ч терроризмыг няцаах, түүнээс хамгаалах бодлогоос гадна хоёр орны удирдагч нар худалдаа болон хөрөнгө оруулалтын асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлага бий болсон билээ.

Өнгөрсөн жил хоёр улсын харилцаа яагаад нурсан бэ?

2017 онд Д.Трамп засаг захиргаагаа өөрийн болгосноос хойш Пакистаны эсрэг чангаруулсан арга хэмжээ авсаар ирсэн юм. Ингэхдээ тэд Пакистаныг Исламын цэргийн бүлэглэлд дэмжлэг үзүүлж, АНУ-ыг энэ террористуудын эсрэг үйл ажиллагаанд нь төөрөгдөл үүсгэсэн хэмээн буруутгадаг байна. Өнгөрсөн онд ноён Д.Трамп “Мулгуу улсад өгөх тусламжаа эцэс болгоно” гэж жиргэсэн байдаг. “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд АНУ “мулгуу” Пакистан улсад 33 тэрбум амвдоллараас давах хэмжээний тусламж илгээжээ. Гэвч тэд бидэнд худал хэлж, луйвардаж байсан. Афганистанд орогносон террористуудыг бид ангуучилж байхад харин тэд дулаан орон байрыг нь бэлдэж өгч байсан байна. Үүнээс цааш тусламж явуулахгүй” гэж тэрээр твиттертээ дурдсан байжээ. Улмаар өнгөрсөн хугацаанд хоёр тэрбум ам.доллар бүхий АНУ-ын аюулгүйн тусламж түр зогссон байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн удаагийн жиргээний дайралтаас өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпе Пакистаны шинэ Засгийн газарт хандах хандлагаа дахин нягталж байв. Пакистаны Гадаад харилцааны газраас мэдээлснээр ноён Ханы энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хоорондын урт хугацааны харилцаа холбоог дахин бэхжүүлж, шинээр цогцлоон босгоход тусална гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.23  МЯГМАР  №145  (6112)