Ж.ЦОГЗОЛМАА
Европын холбооны комиссын гишүүдийн нууц санал асуулгын дүнд Германы иргэн Урсула вон дер Лейен тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоныг ВВС мэдээллээ. Энэ нь анх удаа эмэгтэй хүн хөгшин тивийг удирдахаар болж буй явдал юм. Одоогоор энэ комиссын ерөнхийлөгчөөр Жан Клауд Жанкер ажиллаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд халаагаа өгөх аж. Өнгөрсөн мягмар гаригийн орой явагдсан санал хураалтад Лейен Европын парламентчдын тэн хагасаас илүүгийн дэмжлэгийг авчээ.
Хороо нь Евопын холбооны хуулиуд болон дүрмүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд гишүүдэд торгууль шийтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлдэг байна. “Надад хүлээлгэсэн энэ итгэл нь Европын төлөө байх болно. Та бүхний итгэл үнэмшил Европыг өмнөдөөс өрнө хүртэл, өрнөөс умард хүртэл нэгдмэл, хүчирхэг болгоно. Энэ бол маш том хариуцлага бөгөөд миний ажил яг одоо эхэлж байна. Иймд хамтдаа зүтгэцгээе” хэмээн хатагтай вон дер Лейен санал хураалтын дүнг зарласны дараа хэлсэн байна.
Тэрээр нийт 747 гишүүний 374-ийнх нь саналыг авахад хангалттай байсан юм. Тавдугаар сард 751 гишүүн сонгогдсон ч мягмар гаригийн санал хураалтад тэдний хоёр нь оролцоогүй аж. Лейен санал хураалтын хүчинтэй тоо болох 383-аас 327-г нь өөрийн болгож чаджээ.
Брусселд төрсөн хатагтай вон дер Лейен долоон хүүхэдтэй. Улс төрд орохоосоо өмнө эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг байжээ. Тэрээр Европын холбооны нийгмийн халамжийг илүү хүчирхэгжүүлэх амлалт өгч, ядуурлыг бууруулж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхээ илэрхийлсэн байна.
Хатагтай Лейен илтгэлийнхээ үеэр зарим чухал зүйлсийг дурдсан юм. Үүнд
- Тэрээр Европын холбоог зөв санаачлагатай ажиллуулахад үүрэг хүлээх юм. Одоогоор Европын холбооны комисс нь зөвхөн хуулийн төсөл боловсруулах эрхтэй байгаа бол ирээдүйд хууль эрх зүйт төр засгийг байгуулж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх чадвартай болгохыг зорьж байна.
- Хууль бус цагаачдын тухайд Европын хил, эргийн хамгаалалтын ажиллагсдын тоог 2024 он гэхэд 10 мянгад хүргэх аж. “Гэсэн ч бид хүний эрхийг дээдэлж, хүмүүнлэгийн чиг хандлага бүхий хоргодох газар, хонгилыг бий болгоно” гэж тэр хэлжээ.
- Тэрээр Европын холбоонд давхар даатгалын системийг санал болгож байна. Ингэснээр ажилгүйдлийн хямралаас сэргийлэх дэмжлэг болох аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.7.18 ПҮРЭВ №142 (6109)