Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын Далянь хотод хөгжил, шинэчлэл, технологийн ахиц, дижитал эдийн засгийн талаар хэлэлцэхээр олон улсын мэргэжилтэн, эдийн засагчид болон 2000 гаруй улс төрч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1900 гаруй ажилтан, бизнесийн салбарын тэргүүлэгчид,100 гаруй орны хэвлэлийн төлөөлөгч цугласан Давосын чуулган эхэллээ. “Глобалчлалын шинэ эрин үед хэрхэн ялалт байгуулах вэ” гэсэн сэдэвтэй энэ жилийн чуулганаар технологид чиглэсэн илүү тогтвортой хамтын ажиллагааны системийг хэрхэн бий болгох талаар хэлэлцэх юм байна. Мөн БНХАУ-ын Гадаад яам Хятадын ерөнхий сайд Ли Көцян чуулганд оролцохоос гадна бизнес, санхүү, хэвлэл, эрдэмтдийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцана гэж мэдээлжээ. Чуулганы үеэр  дэлхийн эдийн засагт орж байгаа мэдэгдэхүйц өөрчлөлт, геополитикийн зураглал, дэлхийн улс үндэстнүүдэд тулгараад байгаа сорилт болон технологийн хувьсгалын өгч байгаа шинэ боломж, дэлхийн орнуудыг хөгжүүлэх, хөгжлийн үйл явцыг нь дэмжих талаар хэлэлцэх аж. Харин өчигдөр чуулганы эхний өдөр шинэчлэл, 5G технологи, үүлэн тооцоолол, нүүрээр таних систем, виртуал бодит байдал гэсэн чухал сэдвийн талаар ярилцсан байна. Далянь хотын дэд дарга Жин Гуовей хэвлэлийн хурлын үеэр 200 гаруй албан бус зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийнэ гэж мэдэгджээ.Түүнчлэн эдийн засгийн эрх тэгш байдал, нийгэм хамгаалалтай холбоотой арга хэмжээний талаар хэлэлцэх ёстой гэж Филиппинийн Рижал мужийн  их сургуулийн улс төр, шинжлэх ухааны департаментын захирал Медардо Бомбита “China Daily” сонинд ярьжээ. БНХАУ-ын зүгээс энэ завшааныг ирээдүйд гадаад харилцааны үзэл бодол ,байр сууриа хуваалцах олон улсын нийгэмлэгийг байгуулахад ашиглана гэж мэдэгджээ. Харин үүнтэй холбогдуулан Бээжин “Нэг зам, торгоны зам” санаачлагын тухай бусад оронд өгсөн амлалт болон олон улсын хамтын ажиллагааг анхаарах талаар илтгэл тавих ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.2  МЯГМАР  №132  (6099)