© AP Photo / Kansai Promotion Council for the 2019 G20 Osaka Summit/ShizuoKambayashi
Д.ЭНХЭЭ
ДмитрийКосырев
Японы Осакад зургадугаар сарын 28-29-нд хуралдах Их 20-ийн бүлэг гэж чухам юу болохыг эргэн санацгаая. 2008 оны дэлхийн санхүүгийн асар том хямралаас энэ санаа анх төрсөн билээ. Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан аюулаас хамгаалж гаргахын тулд дэлхийн 20 том эдийн засгийн тэргүүнүүд түр зуур ч гэсэн хамтран ажиллах, эсвэл үгүй ядахдаа бие биедээ хор хохирол учруулахгүй байж сурахад энэ санаа оршиж байсан.
Ийнхүү түүнээс хойш Их 20 оршин тогтносоор байгаа хэдий ч хүсэн хүлээж байсан гайхамшгийн ид шид бий бололгүй удаж байна. Осакад болох энэ удаагийн чуулга уулзалтын талбарт БРИКС-ийн (Бразили, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) тэргүүнүүд,20-ийн гишүүн бүх улс орон уулзалдана, ОХУ, БНХАУ, Энэтхэгийн тэргүүнүүд тус тусдаа уулзана гэдгийг бид мэднэ. Владимир Путин, Дональд Трамп нар харилцаж ярилцах эсэх нь одоо хүртэл тодорхойгүй…
Энэ бүхэн талбарт болох ажил. Харин чуулга уулзалтын өөрийнх нь хувьд, дэлхийн эдийн засгийг хамтарч удирдах хуучин санаа яах бол? Мэдээж, үр дүнгийн мэдэгдэл гарна. Мэдэгдлийн хар ноорог сарын эхээр болсон Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалтаас гаргасан баримт бичгийн хэлбэрээр аль хэдийн бэлэн болчихсон. Дараа нь тэдгээр санааг тэргүүнүүдэд зориулан арай өөрөөр засаж найруулаад томьёолчихно.
Үр дүнгийн мэдэгдлийг уулзалт үр дүнгүй болсон ч гаргадаг. Энэ удаа уулзалтын талбарт сонирхолтатсан олон үйл явдал өрнөж, харин чуулга уулзалт маань өөрөө үр дүн муутай хоосон шахуу болж өнгөрөхнь гэсэн мэдрэмж төрж байна. Нөхцөл байдал ч гэсэн 2008 оныхоос тун муу байгаа. Тэр үед, наад зах нь бүгд чимээ шуугиан гаргахгүй,худалдааны дайн хийхгүй байцгааж, дэлхийн эдийн засгийг өч төчнөөн их наяд зурмал доллараар овоолж, ер нь бүх зүйл аятайхан болж өнгөрсөн. Харин одоо АНУ үндсэндээ бараг бүх гол түншүүдтэйгээ дайн эхлүүлж, дэлхийн эдийн засгийг эвдлэн бусниулж байна.
Гол нь, 2008 онд дэлхий ертөнц хугацаа хожиж чадсан гэдэг нь улам бүр тодорхой болсон, харин одоо хойшлуулсан хугацаа дуусч, бүхий л тогтолцоог өөрчлөх шаардлагатай цаг мөч тулж ирлээ. Гэхдээ хэн, яаж өөрчлөх вэ? Улстөрчид гэдэг нь хэн юм бэ – маргааш хэн ч юм, нэрээр нь дуудах Их Британийн Ерөнхий сайд уу, эсвэл этгээд сонин зан ааштай АНУ-ын ерөнхийлөгч үү? Цааш явах зам байхгүй болсон хэмээн шинжээчид ам уралдан хэлж ярьж байгаа нь л харин цорын ганц сайн зүйл бололтой.
Нэг дэх санаа: эдийн засгийн ухаан цааш явах замгүй мухардалд орсон явдал. Эдийн засгийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад зориулсан дэлхийн хамгийн нэр цуутай сурах бичигт (манай гаригийн хэмжээнд дөрвөн сая ширхэг хэвлэгдсэн) интернет, нийгмийн сүлжээний талаар бараг юу ч байхгүй, 2008 оны Их хямралын сургамжийг огт хэлэлцдэггүй, эдийн засгийн гоц үзэгдэл (феномен) болсон Хятадын талаар бараг юу ч дурдаагүй талаар өгүүлсэн нийтлэл Washington Post сонинд гарчээ. Өөрөөр хэлбэл, оюутнууд 90-ээд оноос эхэлж, 2008 онд дуусгавар болсон “алтан үе”-ийн үйл явдлаар л суралцаж байгаа гэсэн хэрэг.
Энэ бол ингэж бичигдсэн номын тухай өгүүлж байгаа хэрэг биш гэдгийг та бүхэн ойлгох биз. Энэ бол шинэ сурах бичиг зохиож бичих цаг аль хэдийн болсныг хэлж байгаа хэрэг юм. Бүх дэлхий даяараа баримталж ажиллах тийм сурах бичиг гэсэн үг.
Хоёр дахь санаа: хэлж дуудахад амаргүй үгийг бүр улам хэцүү төвөгтэй болгожээ. Глобалчлал /даяаршил/ гэж байсан бол одоо харин “гиперглобалчлал” болжээ. Энэ бол 1990-ээд онд эхэлж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн сүйрэлд хүргэсэн зүйл шүү дээ.
Foreign Affairs-т нийтлэгдсэн өгүүллийн талаар өгүүлж байна … Осакад болох чуулга уулзалтын өмнө (энэ чуулга уулзалтаас итгэж найдах зүйл хэнд ч байхгүй гэсэн) маш олон материал гарсныг та бүхэн ойлгож байгаа. 1990-ээд онд зарим улс орны аж ахуйн тогтолцоо глобал эдийн засагт (эсрэгээр биш) үйлчлэх зориулалтаар тавигдсан байжээ гэсэн оношлогоо тэндээс гарна. Тэдгээрийг Дэлхийн худалдааны байгууллага хийгээд үндэснийхээс дээгүүр зиндааны бусад томоохон бүтцээс гаргасан үй түмэн шинэ дүрэм журмаар дэмжиж байсан.
Өөрөөр хэлбэл, нэгэнт дэлхийн эдийн засгийн хоёр тогтолцоо байхгүй болсон тэрхүү арваад жилийн хугацаанд, Орос улс “дэлхийд танигдаж” байх зуур амьдрал ерөнхийдөө ямар нэг байдлаар эмхэрч цэгцэрч байжээ гэдэг нь тодорхой болов.
Эцэст нь бидэнд глобалчлал бол байгалийн үзэгдэлтэй (салхи, бороо маягийн – ерөнхийлөгч Билл Клинтоны эшлэл) адил зүйл хэмээн тайлбарлаж эхэлсэн. Даяаршил чухам юунд оршдог вэ гэдэг нь ч бүр ойлгомжгүй болсон, яагаад гэвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр зөвшөөрөгдсөн, эсвэл хориглосон яриа хөөрөөг оролцуулан өнөөх даяаршил хаа сайгүй явагдаж байсан.
Мэргэжлийн, корпорацийн, санхүүгийн элитүүд бүх дэлхий даяар нийлж ууссан өнөөх гиперглобалчлал ийнхүү үүсч бий болсон юм хэмээн америкийн сэтгүүл бидэнд мэдээлж байна. Үүний хамт тэд өөрсдийн улс орнууд дахь эх орон нэгтнүүдээсээ хөндийрцгөөжээ. За тэгээд улс оронд нь үймээн бужигнаан гарна, бүхэл бүтэн хот, бүс нутгаараа ажилгүй болж байгаа (үйлдвэрлэл хөгжиж буй ертөнц рүү нүүж эхэлсэн) юм чинь тэгэлгүй ч яах билээ. Ингээд хүмүүс Европын холбоонд гишүүн байхын эсрэг санал өгч, этгээд гаж хүмүүсийг ерөнхийлөгчөөр сонгох гэх зэргээр цааш үргэлжилнэ.
Яах вэ: 80-аад он руу буцах уу хэмээн зохиогч асуудал дэвшүүлж байна. Тэр үед үндэсний улс орнууд санхүүгээ зохицуулж, өөрийнхөө үйлдвэрлэлийг хамгаалах эрхтэй (тэр эрхээ эдэлж ч байсан) байсан… Ерөнхийдөө өнөөгийн Хятадын хийж байгаа бүхнийг хийж байсан (түүнийг чухам үүнд нь л буруутгаж байгаа билээ).
Гурав дахь санаа: буцах зам тэгээд бий юү? Энд харин The NewYork Times-ийн зохиогчийн бичиж тэмдэглэсэнчилэн америкийн бизнесийн томчуулын (капитанууд) хэлж дэвшүүлсэн маш олон санааг өгүүлж байна. Томчуул (эдийн засагч нартай хамтарч) АНУ-ын конгресст тус тусдаа болон хэсэг бүлгээрээ, тэгэхдээ Осакад болох Их 20-ийн чуулга уулзалттай холбогдуулж, санаа бодлоо илэрхийлцгээжээ. Бээжингийн эсрэг АНУ-ын явуулсан жил хагасын дайны үр дүнд америкийн компаниудын 40 хувь нь Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоосон зэрэг тоо баримтыг ч ил гаргасан байна. Гэтэл зөвхөн зургаахан хувь нь үйлдвэрлэлээ АНУ-д буцаан авчирчээ. Юутай ч глобалчлал (гипер хэмээх угтваргүйгээр) үргэлжилж байгаа юм байна, дэлхий ертөнц зүгээр л “Америкийн эдийн засгийн дараах” үе шат руу шилжин орж байна гэсэн маш энгийн дүгнэлт гарч байна. Бүх дэлхий даяар биш юм гэхэд түүний ихээхэн хэсэгт худалдаа арилжааны дүрмийг Вашингтоноос тогтоож байх үест эдийн засаг Америкийнх байжээ. Харин одоо ямар болох талаар хэнд ч ямар ч ойлголталга байна.
Дэлхий ертөнц ямар байвал зүгээр талаар Их 20-ийн талбарт болох дээр дурдсан олон тооны уулзалт чухамдаа шинэ санаа төрүүлж болохыг үгүйсгэх аргагүй. Харин энэ талаар бүрэн дүүрэн зөвшилцөл бий болохыг хүлээнэ гэвэл арай эрт байна.
Эх сурвалж: www.polit.mn