Ж.ЦОГЗОЛМАА
“Гал дээр тос нэмэхгүй байсан нь дээр”
Дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогыг зангидаж байдаг тэргүүлэх 20 улсын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт ирэх баасан гаригт эхэлнэ. Японы Осака хотноо ийнхүү “болзох” бодлогын зааварлагчдын чуулганаас манай гаригийн санхүү, мөнгөний эргэлт их зүйлийг хүлээж байна.
Ямартаа ч хамгийн түрүүнд хэлж болох зүйл бол АНУ болон Хятадын худалдааны хурцадмал байдал намжихыг өрнө, дорнын хөрөнгө оруулагчид чимээ тавин хүлээж байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна хэмээн хаа сайгүй л цуу тарсан болохоор зах зээлийн бартаа саад нэгээр ч гэсэн хөнгөрнө гэсэн төсөөлөл улам зузаарсаар. Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын аж үйлдвэрлэлийн идэвхжилийг харуулдаг S&P 500 индекс дээд хэмжээндээ хүрснийг ч үүнтэй холбон тайлбарлаж болно. Учир нь АНУ-ын Төвбанкнаас бодлогын хүүгээ бууруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Цаад шалтгаан нь Вашингтон, Бээжингийн худалдааны дайнаас үүсэх эрсдэлийг багасгахад нөлөөлөх боломж нь энэ байж мэднэ гэж тэд үзэж байна. Бас нэг зүйл байгаа нь, АНУ-Ираны хориг арга хэмжээ нэг тийш шийдэгдвэл биржүүд дэх индексүүд арай л дөнгүүр тоонд шилжинэ гэсэн хүлээлт.
Тэгэхээр эдгээрээс хамгийн онцлууштай нь цэнхэр бөмбөрцгийн хамгийн хүчирхэг хоёр улсын тэргүүн хэл, амаа ололцож чадах уу гэдэгт бий. Энэ баасан гаригт эхлэх Их-20 улсын дээд хэмжээний уулзалтаар тэд нүүр нүүрээ харж уулзах бөгөөд ямар нэг дорвитой хэлцэлд хүрнэ хэмээн ажиглагчид найдаж байгаа.
Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Цагаан ордны эзэн Бээжинг америкчуудын бараа бүтээгдэхүүнийг үнэ хямдруулан худалдаж байна гэж буруутгаснаар худалдааны уур амьсгалыг улам хүйтрэхэд хүргэсэн юм. Улмаар Д.Трамп АНУ-д импортлох Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа импортод ногдох гаалийн татварыг 25 хувиар нэмж, хөрөнгө оруулагчид болон корпорациудын санаачлагаар орж ирэх 325 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар нэмсэн юм. Энэ нь дэлхийн эдийн засагт шууд дарамт үүсгэж, даяаршсан өсөлтийг боосон билээ. Үүнийг батлах гэсэн мэт өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн захирлуудын уулзалтын дараа, тус сангийн ерөнхийлөгч Жером Паулл “Эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгаа ч худалдааны хоригууд нь АНУ-ын бизнесийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулах төлөвтэй байна” гэсэн юм.
Өнгөрсөн баасан гаригт “Wall Street Journal”-д хэвлэгдсэн мэдээлэлд нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн дээд албан тушаалтан “АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Д.Трамп Ши Жинпин нарын уулзалтаас өмнө гал дээр тос нэмсэн аливаа мэдэгдэл хийхээ хойшлуулах нь зүйтэй” гэж онцолсныг иш татсан нь бага ч атугай өөдрөг байдал бий болгосныг “Forbes” сэтгүүл онцолжээ.
Д.Трамп Хятадын технологийн компаниудад ямар гэнэтийн бэлэг барих бол?
Их-20 улсын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол асуудал нь худалдааны дайны гол талбар гэгдэж буй АНУ-Хятадын харилцаа. Тэгэхээр Д.Трамп Ши Жинпиний технологийн компаниудад ямар гэнэтийн бэлэг барих бол гэсэн асуулт хариултаа нэхэж байна.
“Хэдэн долоо хоногийн өмнө Хонгконгод очиход нэлээд тооны компани АНУ-ын технологийн хориглолтод багтсан байсан” гэж санхүү, аудиторын томоохон компани болох PwC-ийн Санхүүгийн гэмт хэрэг судлах хэсгийн дэлхийн хориг арга хэмжээний асуудал хариуцсан захирал Дэн Таннебаум хэлжээ.
АНУ дэлхийн харилцаа холбооны хамгийн том сүлжээ, 5G зэргийг бий болгосон, Huawei-ийг хар жагсаалтандаа бүртгэснийхээ дараа Хятадын өөр нэгэн харилцаа холбооны компани болох ZTE-ийг ч овоо хараандаа онилсон юм. ZTE нь Иранд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан нь нөлөөлсөн бол Huawei-ийг тагнуулын үйл ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж Д.Трамп үзсэн билээ.
Гаалийн татварт Хятадын төлж буй бодит дүн
Энгийн нүдээр харахад Хятад улс боомтын татвар гэж төлөхгүй ч худалдааны дайны өртгийг санхүүжүүлж байгаа. Хэрэв Д.Трамп Хятадын худалдаалж буй бүх л бараанд гаалийн 25 хувийн татвар ногдуулбал Бээжингийн ДНБ-ийн өсөлт нэг хувиар унана гэж “Barclays Capital” үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын өсөлт зургаан хувиас уруудаж, 40 жилийн өмнөх хар өдрүүдтэй нүүр тулна гэсэн үг.
Өдгөө Цагаан хэрмийн цаана зарим үйлдвэр америк хэрэглэгчдийнхээ захиалгыг гүйцэлдүүлэхийн тулд үнээ хямдруулж, бизнесийн өртгөө хүртэл салхинд хийсгэхэд хүрээд байна. Хятадаас бараа авах байсан зарим гадаад улс орнууд одоо ур чадвар нь бага ч хүний ихээр ажлыг амжуулж сурсан Вьетнам, Бангладеш, Малайз болон Энэтхэгийг сонгоход хүрч байна. Нөгөө талаар хятадууд худалдааны дайны уршгаар дэлхийн хамгийн том нийлүүлэгч хэмээх нэрээ алдахад хүрээд байгаа. Үүнээс гадна юанийн ханшид худалдааны дайн сөргөөр нөлөөлсөн хэвээр.
Монголын нүүрсний экспорт сарын дүнгээр 38 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2018 оны эхний 11 сарын байдлаар худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ дотроо экспорт 6.5 тэрбум, импорт 5.4 тэрбум ам.доллар байжээ. Экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 14, импорт 37.6, нийт эргэлт 23.6 хувиар өссөн дүн гарсан байна. Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.7 хувиар буурсан дүн юм.
Эрдсийн экспорт 5.6 тэрбум орчим ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 23.9 хувиар өсчээ. Энэ нь нийт экспортын 86.3 хувийг эрдсийн экспорт бүрдүүлсэн гэсэн үг. Харин нүүрсний экспорт 2.6 тэрбум ам.долларт хүрч 24.1 хувийн өсөлт харуулав.Нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний 11 сард 33.8 сая тоннд хүрсэн байна. Энэ нь 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад жингийн хувьд 7.9 хувиар өссөн дүн. Харин сарын дүнгээр авч үзвэл арваннэгдүгээр сарын нүүрсний экспорт 2.46 сая тоннд хүрч өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээнд хүрчээ. Энэ нь өнгөрсөн аравдугаар сард нүүрсний экспорт 3.97 сая тоннд хүрч байсантай харьцуулахад 38 хувиар буурсан үзүүлэлт юм. Монголоос экспортолж буй бараа бүтээгдэхүүний хамгийн том зах зээл нь яах аргагүй Хятад. Хятад улс бол олон жилийн тэртээгээс Монголын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн. Албан ёсны тайлан мэдээнд дурдсанаар, 2016 онд хоёр талын худалдаа 4.61 тэрбум доллароор хэмжигдэж байсан бөгөөд Монголын нийт худалдааны 60 хувийг Хятад улстай хийсэн худалдаа эзэлж байжээ.
Тэгэхээр худалдааны дайн Хятадын эрчим хүчний хэрэгцээг хумьж, томоохон үйлдвэрүүд нь гадаад дахь өрсөлдөгчдөдөө байраа тавьж өгөхөд хүрвэл Монголын нүүрс, зэсийн экспорт улам дордох хандлага ажиглагдаж байгааг судлаачид нуудаггүй. Тиймээс хоёр их гүрний худалдааны дайнаас хохирол багатай үлдэх экспортын бодлого боловсруулах цаг нь иржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.24 ДАВАА №127 (6094)