© РИА Новости / Стрингер
Дмитрий Косырев
Америк минь, ингэж болохгүй ээ: амь амиа хичээсэн хүмүүсийн бүлгүүд, тарж бутарсан жижиг хэсгүүдэд чи хуваагдлаа, энэ бол улс орны хийгээд дэлхий ертөнцийн хувьд бидний хүсэн мөрөөдөж байсан тэр ардчилал биш юм аа. Америкийн улс төр судлаач, гүн ухаантан (философич) Фрэнсис Фукуяма өөрийнхөө сүүлчийн эссед ийнхүү өгүүлжээ. Үйлс нэгтэй ардчилагчид нь түүний энэхүү сануулгыг уншаад өөрсдийн санаанд багтаж болох бүхий л ааг омгоороо зохиогч руу дайран давшилцгаажээ.
АНУ-ын хийгээд Барууны олон нийтийн санаа бодол, мэдээжээр бүхэлдээ, Фрэнсис Фукуямагүйгээр өнгөрдөггүй. “Түүхийн төгсгөл”-ийг зөгнөж, хорвоо бүхэлдээ цор ганц Барууны глобал ертөнц болж хувирах талаар түүний хэлсэн ярьсан зүйл яв цав биелээгүй ч байсан яах вэ. Харин улс орны удирдлагын (жолоодлогын) тогтолцоо чухам яагаад ажиллахаа больсныг (үүнийг бид өдөр бүхэн харж мэдэрч байгаа) Фукуяма сүүлд гарсан номондоо маш нарийн задалж, оношлон таамагласан. Ер нь Фукуяма “угаасаа америк хүн ч биш”, тэр бол ардчилагч, глобалчлагчдын гол үзэл сурталчийн хувьд тэдний улс төрийн бодлогын ардчилсан жигүүр хэвийн ажиллаж чадахаа больсныг нөгөөдүүлдээ тайлбарлаж байна.
Түүний санааг товчхон давтаж өгүүлэхийг оролдоё. “Ав адилхан улс төр” гэж байж болохгүй гэдэгт энэ санаа оршиж байна. Адилхан байж болох зүйл бол юуны өмнө арьс - үндэс, өөрөөр хэлбэл, хүний хувьд Африк, эсвэл Латин Америкаас гарал үүсэлтэй гэдэг нь бүхнээс чухал, харин одоо америк хүн гэдэг нь хойш тавигдана гэсэн үг.
Хойш тавигдах ч юу байх вэ дээ – өчигдрийн дарлагдсан негрүүд өнөөдөр боол эзэмшигчдийн эх орон-Америкийг, сүлд дууллыг нь (хар арьст тамирчид сүлд дуулал тоглож байхад боолчлолын эрин зууныг сануулан өвдөг дээрээ сөхөхцгөөдөг), далбаа болон бүгдийг нэгтгэдэг бэлгэдлүүдийг харгис хэрцгийгээр үзэн ядаж байна. Үндэстний бусад бүлгүүд ч мөн адил.
Эдгээр бүлгүүд дотроо маш жижиг хэсгүүдэд задарна. Үндэстний өөр нэгэн, арай л санаатай биш байх, задрал бол:-радикал феминисткүүд, гей активистүүд гэх мэт “хүйсээр” ялгарах задрал... Үүнээс гадна галзуу экологичид гэх мэтчилэн бусад тоо томшгүй олон бүлэг бий. Тэдгээрийн өөр хоорондоо адилхан зүйл нь юунд орших вэ гэвэл бусад бүлгийг үзэн ядах үзлийг хөөрөгдөх, үүнийгээ тэд ном журамтай, тэхдээ бүр глобал хэмжээнд үйлддэг.
Энэ бүх хорлонтой эмх замбараагүй байдал (хаос) ардчилагчдын сонгуулийн бааз суурь болж байна. Бүгд найрамдахчуудын эсрэг нэгдэх шаардлага гарсан үед арай чүү ажилласан болохоос нэг их хэтэрдэггүй.
Эмх замбараагүй байдлыг газар авахуулахын оронд эвлэлдүүлж нэгтгэдэг, үгүй ядахад, хуучных шиг эдийн засгийн эрх, боломжийн төлөө тэмцэж байсан шиг тийм хүчин зүйл рүү эргэж буцах хэрэгтэй хэмээн Фукуяма өгүүлж байна. Эс тэгвээс нийгэм (ардчилагчдын нам гэж нэмье) нэгдмэл цул байдлаар оршин тогтнож чадахгүй, бүгдийг хуу залгих болно, үр дүн нь бүр одоо сонгогчдын дийлэнх зүгээр л бүгд найрамдахчууд руу явцгааж байна.
Ерөнхийдөө ийм глобализм, либерализмыг тэрээр хүсээгүй билээ.
Хамтран зүтгэгчид нь Фукуяматай сүрхий ширүүн маргаж байгаа тухай дээр өгүүлсэн. Нэг дэх санаа: эдгээр бүх радикал бүлэглэл өөрсдийгөө нэгмөсөн ад үзэгдэж хаягдсанд тооцдог. Урьд өмнө нь ч ийм л байсан, харин одоо нийгмийн сүлжээ бий болсноор бодит бүх зүйл ил гарсан. Гэхдээ тэдний энэ улаан галзуу идэвхжил ардчиллыг сулруулаагүй, харин ч хүч оруулж байгаа, яагаад гэвэл урьд нь эдгээр бүх дарлагдагсад санал өгөхөөр очиж байгаагүй.
Хоёр дахь санаа: дээр дурдсан бүлэглэлүүдийг ялгаварлан гадуурхсан бүхий л хууль, дүрэм, журмыг та эхлээд аваад хаячих, тэр үед л бүгдийг нэгтгэдэг жинхэнэ ардчиллын тухай ярилцъя.
Гурав дахь санаа: ер нь бодлого адилхан байх асуудлыг өөрсдийгөө бусдаас ялгаатай онцгой бүлэг болгож хувиргасан цагаан арьст дарангуйлагч нар л анх эхлүүлсэн.
Дөрөв дэх санаа: Сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад арьсны үзлийн асуудал, дүрвэгсэд, бусад олон хэрэгтэй хэрэггүй зүйлийн талаар байнга ярьж хамаг муу муухай бүхний эхлэлийг тавьсан Дональд Трамп л бүгдэд буруутай. Хэрвээ Фукуяма ардчилагчдын “хэвийн” намыг олж үзэхийг хүсээд байгаа юм бол эхлээд бүгд найрамдахчуудын намын мөн чанарыг өөрчлөг, өөрөөр хэлбэл бүгд найрамдахчууд Трампаас салж хагацах хэрэгтэй.
Фукуяма үг хэлэхдээ (маргааны үеэр түүнд үг хэлэх боломж олгосон) хүний эрх гэдэг бол цор ганц, бие хүний эрх болохоос биш бусад бүлэглэлтэй тэмцдэг түрэмгий бүлэглэлүүдийн эрх биш хэмээн өөрийгөө хамгаалсан нь мэдээж. Энэ бүх хэмлэлдээн тэгээд бүхэлдээ барууны ертөнцөд ямар үлгэр үзүүлж байгаа талаар бодож үзээрэй хэмээн тэрээр үгээ дуусгажээ.
Радикалуудын сэтгэл санааг хаа нэгтэйгийн барууны ертөнц маш их зовооно гэж үү. Тэд өөрсдийгөө барууны ертөнцөд хамаардаггүй гэж үздэг, тэдний хувьд адилтгах зүйл бол энэ биш.
Ардчилагчдын дунд болж байгаа бүхэнд нөгөө талынхан буюу бүгд найрамдахчууд, тэдний үзэл сурталчид хэрхэн хандаж байгааг авч үзье. Болж байгаа бүхнийг XVIII зууны сүүл үеийн Францын хувьсгалын загварыг давтаж байгаатай адилхан талаар National Review – д нийтэлжээ. Тухайлбал ах дүү нарынхаа өмнөх үеийн давхаргыг устган хөнөөж байгаа радикал хувьсгалчид эрх мэдлийг улам бүр авах болсныг онцолжээ.
Уг нь тэр үед Францад (АНУ-д ч гэсэн ардчилагчдын нам тун гайгүйд тооцогдож байсан) бүх юм сайн сайхан эхэлсэн. Хүний, иргэний эрхийн тунхаглал, тэгш ёс, ах дүүгийн барилдлага, үндсэн хуулийн хаанчлал гээд ойролцоогоор англичуудынхтай адил төстэй... Дараа нь тэгш ёс, ах дүүгийн барилдлагын эсрэг байсан бүхнийг цаазын тавцанд аваачсан. Дараа нь энэ бүхнийг анх эхлүүлсэн нөхдүүд өөрсдөө цаазын тавцанд очсон. Гэх мэтээр цааш ээлжлэн үргэлжилсэн.
АНУ-д одоо яг ийм зүйл болж байна хэмээн (Америкаас загвар авсан барууны нийгэмд ч мөн адил) зохиогч бичжээ. Либералуудыг зүүнийхэн залгисан. Зүүнийхнийг “дэвшилтнүүд” арчсан. Одоо тэднийг социалистууд залгиж дуусч байна, дараа нь хэт зүүнийхэн, коммунистууд, анархистуудын ээлж ирнэ. Ерөнхийдөө, тархай бутархай, үзэн ядах үзлээр амьсгалцгаасан, зөвхөн бүгд найрамдах Америкийг төдийгүй бие биенээ залгиж идэхэд ч бэлэн бүлгүүд ажээ.
Ардчилагчид өөрөө өөрсдийгөө барж идэж байгаа тухай тухай л Фукуяма өгүүлсэн. Гэхдээ энэ нь тэрээр өөрөө цаазын заазууртай нүүр тулахыг огт хүсэхгүй байгаа гэсэн үг юм биш үү?
Polit.mn-д зориулж орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ