Х.ОЮУНБОЛД
Хойд Солонгосын “Родон Шинмун” сонинд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин өчигдөр Бээжин Солонгосын арлын асуудлыг улс төрийн хэлэлцээрээр шийдвэрлэхийн тулд гаргаж байгаа Пхеньяны эрх баригчдын хүчин зүтгэлийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн талаар бичжээ. Тэрээр Пхеньяны үйлдэл зөв чигт явж байна. Мөн талууд харилцаагаа бэхжүүлэх,Пхеньянтай тохиролцсоноор бүс нутгийн энхтайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэв. Ши Жиньпин Хойд Солонгосын нийслэлд ирэх пүрэв гаригт айлчлахаар төлөвлөжээ. БНХАУ-ын Коммунист намын төв хорооны олон улсын департаментын хэвлэлийн төлөөлөгч Ху Чжаомин ерөнхийлөгч Ши Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар айлчилснаар сүүлийн 14 жилд Пхеньянд айлчлах Хятадын анхны ерөнхийлөгч болж байгааг онцолсон байна. Харин одоогоор түүний айлчлалын мөрийн хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Энэ айлчлал нь Солонгосын арлыг цөмийн зэвсгээс нь ангижруулах асуудлаар АНУ-тай тогтоосон харилцаа зогсонги байдалд ороод байгаа үед болох аж. Ши Жиньпин энэ сарын эхээр Солонгосын арлыг цөмийн зэвсгээс нь ангижруулах үйл явцыг хөгжүүлнэ гэж мэдэгдсэн юм. Мөн Санкт Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганд оролцох үеэр энэ асуудалд талууд хүчээ нэгтгэх нь чухал болохыг онцолжээ. Тэрээр “БНХАУ Солонгосын асуудлыг шийдвэрлэхийг сонирхож байгаа орнуудын хоорондын үл итгэлцлийг арилгахын тулд өөр механизмыг бий болгох аргыг хайж байна гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.6.20 ПҮРЭВ №125 (6092)