Д.АРИУН

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгд амралтын өдөр болсон эсэргүүцлийн жагсаалд сая гаруй хүн оролцсон талаар зохион байгуулагчдын хэлснээс иш татан South China Morning Post мэдээлжээ. Гэмт хэрэгт холбогдсон сэжигтнийг шилжүүлэх өгөх тухай заалт бүхий өөрчлөлтийг хуульд хийх гэж байгааг эсэргүүцэн Хонконгийн олноороо цуглан эсэргүүцлээ илэрхийлжээ. Цуглааныг зохион байгуулагчид сая гаруй хүн нэгдсэн хэмээн мэдээлсэн бол цагдаагийнхан 240 гаруй мянган хүн оролцсон гэснийг сонины мэдээнд мөн дурджээ.

Цагдаагийнхан долоон хүнийг саатуулж,  нулимс асгаруулах хий хэрэглэсэн  тохиолдол гарсан боловч  жагсаалын үеэр олныг хамарсан том зөрчил гараагүй байна. Хэрвээ парламент зургадугаар сарын 12-нд хуулийн нэмэлт өөрчлөлтийг  батламжилбал эсэргүүцлийн жагсаал дахин хийх болно гэдгээ жагсагчид мэдэгджээ. Эсэргүүцэгчид хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлт нь Хонконгийн бие даасан байдлын тухайд асар хохиролтой гэж үзэж байгаа юм.

Хонконг арал нь эх газрын Хятадтай сэжигтнийг шилжүүлэх гэрээгүй явж ирсэн. Хэрвээ одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал, “Бээжингийн төв засаг захиргаанд таалагдахгүй үйл ажиллагаа явуулдаг” хүний эрхийн төлөө тэмцэгчид, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүдийг дуртай үедээ шилжүүлэн авах нөхцөл бүрдэж байгаа тул Хонконгийн иргэд ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn