Ж.ЦОГЗОЛМАА
Өчигдөр Хонгконгд болсон Henderson Land Development компанийн жил тутмын хувь нийлүүлэгчдийн уулзалтын үеэр тус компанийн ерөнхийлөгч Лий Шау Ки тэтгэвэртээ гарч буйгаа мэдэгджээ. Түүний оронд арлынх нь хамгийн баян хүн ерөнхийлөгчийн орыг залгах юм. Хонгконгийн тэрбумтан, Ли Ка Шинг тус компанийн тэргүүнээр сонгогдсон бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт хөрөнгө нь 31.9 тэрбум ам.доллар байсан юм. Гэвч одоогоор түүний хөрөнгө Forbes Real-Time Billionaires List жагсаалтад бичигдсэнээр өмнөх жилийнхээсээ буурч 29.6 тэрбум ам.доллар болжээ.
Энэ хоёр тэрбумтан нь 1960-аад оноос өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн суурийг тавьсан юм. Хонгконгийн хөрөнгийн биржийн тайланд дурдсанаар Лий Шау Ки нь Henderson Land-ийн гүйцэтгэх захирал хэвээр байгаа бөгөөд хүүхдүүд нь болох 56 настай Питер Лий Ка-кит, 48 настай Мартин Лий Ка-шинг нарыгаа захирал болон менежмент хариуцсан ерөнхийлөгчөөр томилжээ.
Үл хөдлөх хөрөнгийн бизнес бол Хонгконгийн тэрбумтнуудыг төрүүлж буй чухал салбар билээ. “Би хөвгүүддээ үргэлж бие биетэйгээ ярилцаж, нэгэндээ түшигтэй яваарай. Та хоёр их азтай. Яагаад гэвэл хоёр толгой ганц толгойноос хамаагүй дээр” гэж хэлдэг хэмээн Лий “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа дурджээ.
1976 онд Лий “Henderson Land ” компаниа байгуулж, Хонгконгийн нэрийн хуудас болсон хамгийн өндөр барилга Олон улсын санхүүгийн төв болон Бээжингийн Дэлхийн санхүүгийн төвийн барилгыг барьж байгуулсан юм.
Өнөөдрийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 216.3 тэрбум хонгконг доллар буюу 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Лий 1928 онд Гуандонг мужид айлын дөрөв дэх хүүхэд болж төржээ. Бага нас нь ядуу тарчиг амьдрал дунд, сард хоёр л удаа загас эсвэл махан хоол идэх ядруу нөхцөлд өнгөрчээ. Тэрээр 20 насандаа Хонгконгд ирж суурьсан байна.
Эх сурвалж: www.polit.mn