Ж.ЦОГЗОЛМАА
Чо Мин Хёнг бол улсдаа дээгүүрт жагсдаг их сургуулийн инженерийн диплом өвөртөлсөн нэгэн. Тэрээр англи хэлний шалгалтаа өгөхөд дүн нь бараг л “төгс” хэмээх үнэлгээтэй гарсан гэхэд хилсдэхгүй. Гэвч Чо Мин ажил хийнэ гэсэн мөрөөдөлдөө бууж өгөхөд хүрээд байна. Учир нь 2006 онд “Хьюндэй моторс” зэрэг 10 газарт ажилд орох хүсэлт өгсөн ч түүнийг дуудсангүй.
Үүнээс зургаан сарын дараа хөрш Япон улсаас нь түүнд санаанд оромгүй тусламж иржээ. Чо одоо “Ниссан Моторс” компанид ажиллаж байна. Токиогийн зүүн өмнөд хэсэгт оршдог Ацуги хотод “Ниссан” компанид суудлын автомашины инженерээр ажилладаг 27 настай энэ бүсгүй “Надад үнэндээ тийм ч хангалттай санагддаггүй. Гэвч над шиг ажил хайгаад ажил олдохгүй хүмүүс олон байна. Өмнөд Солонгосоос гадна хязгааргүй их боломж нээлттэй байна” гэж ВВС-д ярьжээ.
Азийн дөрөв дэх том эдийн засаг гэгддэг энэ улсад хэдэн мянган залуу солонгос охид, хөвгүүд Засгийн газартаа хандан өргөдөл бичиж байна. Тэд гадаад улс орнуудад ажил хөдөлмөр эрхлэхэд тусламж дэмжлэг үзүүлэхийг төрөөсөө ийн хүсч байгаа юм.
Төрийн өмчит K-move хэмээх хөтөлбөр нь залуу солонгосчуудыг дэлхийн 70 улсад чанартай ажил эрхлэхэд нь тусалдаг байна. Өнгөрсөн жилийн байдлаар 5783 төгсөгч энэ хөтөлбөрт хамрагдан гадаад улсад ажилласан нь 2013 оныхоос гурав дахин өндөр үзүүлэлт болжээ.
Тэдний гуравны нэг нь Японы залуу ажиллах хүчний хомсдолыг нөхөхөөр явдаг бол дөрөвний нэг нь АНУ-руу зорчжээ. “Бидний тархи ийн гадагш урсаж буйд Засгийн газар санаа тавихгүй байна. Үүнд яаралтай арга хэмжээ авахгүй бол ядуурал руу татах нэг шалтгаан болно” гэж Азийн хөгжлийн банкны хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чул Жу хэлжээ. Өнгөрсөн онд Өмнөд Солонгост дөнгөж 97 мянган ажлын байр бий болсон нь дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи хамгийн бага дүн болсон юм.
2017 Засгийн газрын хөтөлбөрөөр Сиднейд усан сэлэлтийн тамирчдын дасгалжуулагчаар ажиллах болсон 30 настай Лий Сан Хьюн сард 419 ам.доллар буюу 600 австрали доллараар цалинжиж байна. Тэрээр энэ тухайгаа “Энэ миний найдаж байсан зүйл биш. Би түрээсээ ч төлөхөд хүрэлцдэггүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn