Ч.ТУЛГА
Зүрхний амрагтаа бөгж бэлэглэх ёс эртнээс уламжлан иржээ. Анх бөгж гоёлд тооцогддоггүй байсан бөгөөд худалдаачид худалдаа наймаа эрхэлдэг гэдгээ харуулахын тулд том бөгж зүүдэг байсан гэнэ. Жирийн төмөр зүүдэг байсан нь он цагийн туршид алт, мөнгө зэрэг өнгөт металлаар урлан, гоёл чимэглэлийн зориулалттай болон хувирчээ. Анх Римийн хязгаар нутгийн голлууд, германчууд хуримын бөгжийг бие биедээ бэлэглсэн гэдэг. Энэ ёс нь XII зуун гэхэд олон үндэстний ёс заншлын шинжтэй болж түгсэн аж. Гэвч бөгж зүүсний дараагаар үнэнч, ариун сэтгэлийг умартах, гэр бүлийн тангаргыг зөрчих явдал их байсан тул албан ёсны хуулийг гаргажээ. Хайр дурлал, үнэнч сэтгэлийн бэлгэдэл болсон хуримын бөгж сүүлдээ уран дархчуудын ур чадварыг шалгасан эдлэл болсон төдийгүй дурлалт хүндээ хайраа илчлэх хамгийн том бэлэг болон хувирчээ. Он цагийн хуудас эргэх бүрт бөгжний хийц чимэглэл улам нарийн хээнцэр болсон юм. Дурлалын бөгжийг ядам хуруунд зүүдэг нь эртний Египетийн сургаалаар хүний зүрх ядам хуруутайгаа холбоотой гэж үздэг байсантай холбоотой гэнэ.