Гэрэл зургийг Р.Оюун

Энэ удаагийн "Онцлох фото" буландаа Яармагийн 300 орт буюу Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс бэлтгэлээ. Тус эмнэлэг 500 гаруй ажилтантай, өдөрт 1000 гаруй  хүнд үйлчлэхээс гадна сүүлийн үеийн бүх тоног төхөөрөмж бий. Улсад цөөн байдаг хиймэл оюун ухаанд суурилсан хөхний маммографи, умайн хүзүүний дуран, ангиографи, MRI, комьпютор, шүдний дэлгэмэл компотоор, зөөврийн болон суурин рентген гэсэн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна. Зөвхөн эх барих, эмэгтэйчүүд биш төрөлжсөн үйлчилгээг үзүүлж байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Энэ тасагт эхчүүд кесар хийлгэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн мэс заслыг зэрэг хийх өрөөнүүдтэй ажээ. 

Эмч нар төлөвлөгөөт мэс засалд орохоор бэлтгэлээ базааж байна.

Кесар хагалгаа амжилттай болж, мэс засал хэрхэн явагдсан талаар тайлангаа бичиж байна.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Жирэмсний эмгэг эмчлэх тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Цэвэлмаа Булган аймгаас ирсэн ээжийг эсэн мэнд амаржуулаад гарч ирэв. Тэрээр "Өнөөдрийн анхны мэс засал байлаа. 36 настай энэ ээж умайн хүзүүндээ хагалгаа хийлгэж, түүнээсээ үүдэлтэй умайн хүзүүний сорвижилттой болсон учир дөрөв дэх хүүхдээ кесар хагалгаагаар төрүүллээ" гэсэн юм.

Л.Цэвэлмаа эмч дараагийн мэс засалдаа ороход бэлэн болжээ.

Хагалгаанд орсон ээжүүд мэс заслын дараах өрөөнд дөрвөн цаг сувилагчийн хяналтад байж, энгийн тасаг руу шилждэг ажээ. 

Кесар хийлгэх дараагийн ээж.

Хажуугийн өрөөнд хүүхдийн мэс засал үргэлжилж байлаа.

Мэс заслын дараах эрчимт эмчилгээ.

Нэгдсэн мэс заслын тасгийн дараа төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд жилд 5000 гаруй эмэгтэй төрдөг ажээ. 2025 он гарсаар 1200 гаруй ээжид төрөлтийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд өдрийн 60 мянган төгрөг төлөөд нөхрөөрөө асруулаад тусдаа өрөөнд хамт байж болно. 

Энэ тасагт хүүхдээ түрээд явдаг тэрэг, хоол унд, тухтай сайхан орчинтой.

М.Буянхишиг, Г.Мөнгөнтэгш нар 19 жилийн охинтой болжээ. Г.Мөнгөнтэгш "19 жилийн дараа өөрөөрөө төрж охинтой боллоо. Анх төрж байсан үеийг бодоход эмнэлгийн тусламж үйлчилгээ сайхан болжээ. Эмч нар маань ч ур чадвартай болсон байна. Ямар ч урагдалгүй төрүүлж өгсөн эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа" гэсэн бол нөхөр М.Буянхишиг "42 насандаа охинтой боллоо. Хоёр хүү дээрээ эмнэлгийн гадаа хоол, цайгаа хийгээд л цонхоор хүүхдээ хардаг байлаа. Энэ удаа төрөхөд нь, төрснийх нь дараа гэргийтэйгээ хамт охиноо асарч байна. Яаж байгаа бол гэж санаа зовохгүй, хамт байх үнэхээр сайхан байдаг юм байна" гэв.

Төрөх тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Э.Эрдэнэчимэг "Манай эмнэлэг өдөр 22-25 ээжид төрөлтийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүний 30 орчим хувь нь кесараар төрдөг. Төрөх тасаг маань боловсон хүчний хувьд хангалттай хүний нөөцтэй" гэж байлаа.

Ээжүүд даралтаа тогтмол үзэж, тэмдэглэл хөтөлдөг гэж эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэг хэлж байлаа. Тэрээр "Манай эмч нар сэтгэл зүрхээрээ сайн ажиллаж энэ хэмжээнд хүрсэн. Манай эмнэлэгт төрөх юмсан гэж боддог ээжүүд олон болжээ. Биднийг гээд зориод ирсэн хүнийг харьяаллын дагуу үзнэ гээд буцааж болохгүй шүү дээ. Тиймээс бид харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, Архангай аймгаас ус нь гарсан ээж манай эмнэлэгт төрнө гээд ирж байсан. Үүнийг хараад бидний үйлчилгээ иргэндээ хүрч чадаж байна уу даа гэж бодсон" гэж байв. 

Эх сурвалж www.zms.mn