Р.Оюун

Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо Глобал сангийн дэмжлэгтэй олон нийтийн оролцоо стратегийн санаачилгын хүрээнд Ази Номхон бүсийн иргэний нийгмийн сүлжээ APCASO, Ази Номхон далайн Сүрьеэгийн эвсэл, Пакистаны APLHIV, Непалын Trisuli Plus байгууллагыг хүлээн авч, бүс нутгийн туршлага солилцох уулзалтыг энэ сарын 21-24-нд зохион байгуулж байна. Энэ уулзалт нь тус бүсэд сүрьеэгийн эсрэг иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх зорилготой ажээ. "Сүрьеэгүй Монгол эвсэл" нь Монгол Улсад олон талт, хүчирхэг эвслийг байгуулж нотолгоонд суурилсан нөлөөллийн ажлаар сүрьеэгийн оновчтой бодлого, тогтвортой санхүүжилт, ил тод хяналтыг бий болгох замаар сүрьеэгүй Монголыг бий болгохоор нэгдэж энэ хүрээнд "Уур амьсгал-эрүүл мэнд, олон нийтийн оролцоо, санхүүжилт" хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. 

Сүрьеэтэй тэмцэх холбооны хийсэн олон нийт, хүний эрх, жендэрийн тэгш байдлын судалгааны хүрээнд эрсдэлт бүлгүүдийг тодорхойлжээ. Тиймээс судалгааны үр дүнд тулгуурлан эрсдэлт бүлгийн иргэдтэй ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээнд нэгтгэхээр ажиллах юм байна. Одоогоор энэ эвсэлд сүрьеэгийн эсрэг ажилладаг байгууллагууд, хүний эрх, залуучуудын эрх, ХДХВ/ДОХ-ын эсрэг ажилладаг байгууллагууд, орон гэргүй, архины хамааралтай иргэдтэй ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдээд байгаа аж. Монгол Улс Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн дарамт өндөртэй долоон улсын нэг бөгөөд 2021 онд ДЭМБ-аас  шинэчлэн гаргасан олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад багтжээ. 

2014-2015 онд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар жилд 12-14 мянган тохиолдол байгаг тооцоолсон ч 2023 онд зөвхөн 2357 тохиолдол бүртгэгдсэн нь нийт тооцоологдсон өвчлөлийн 21.4 хувийг илрүүлж, эмчилсэн байна. Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо нь ХЭҮК, ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтран 2022 онд Монгол Улсад сүрьеэгийн улбаатай ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолын үнэлгээг хийхэд улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт 458 сүрьеэг даван туулагсадтай ганцаарчилсан ярилцлага хийж тэдэнд тулгарсан бэрхшээл, ялгаварлан гадуурхагдсан бодит түүхийг хуваалцсан байна. Энэ бодит түүх дээр тулгуурласан "Сүрьеэ хэнийг ч гадуурхдаггүй. Харин хүн л гадуурхдаг" номын нээлт болсон юм.

Эх сурвалж www.zms.mn