Р.Оюун
ХСҮТ-ийн эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол эрүүл мэндийн салбарын хөгжил хэмээн үзэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэд "ХСҮТ 2018 онд элэгний хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж нутагшуулснаар Монгол Улсад элэг шилжүүлэн суулгадаг хоёр дахь эмнэлэг болжээ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал-эрхтэн шилжүүлэн суулгах төвийн баг 200 орчим элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг нь тухайн улсад анагаах ухаан өндөр хөгжсөний том шалгуур үзүүлэлт болдог. Өнөөдөр дэлхийд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг улс тийм ч олон биш. Өндөр хөгжилтэй орнуудад ийм эмнэлэг, төвүүд нэг биш, олноороо зэрэгцэн хөгжиж байна. Харин монгол эмч нар дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байж, иргэддээ өндөр технологийн тусламж үйлчилгээг эх орондоо, аюулгүй, найдвартай, эдийн засгийн дарамтгүй авах боломжийг бүрдүүлэхийн төлөө олон жилийн тууштай, хөдөлмөрийн үр дүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай, хурдацтай хөгжүүлж байна.
Анагаах ухааны хурдацтай хөгжлийг дагаад зөвхөн манай улсад биш дэлхий нийтэд хүний эрх, хүний аюулгүй байдлыг хангах нэн чухал бөгөөд тулгамдсан, эмзэг асуудал яригддаг. Үүний нэг нь олон улсад эрхтэн шилжүүлэн суулгахдаа тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэхийг чухалчилж, эрүүл хүний эд эрхтэний бүрэн бүтэн байдлыг хадгалахыг эрмэлзэж байна. Гэвч тархины үхэлтэй хүн бүр донорын шалгуурт нийцдэггүй. Өнгөрсөн хугацаанд ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгасан хагалгааны 12 тохиолдолд тархины үхэлтэй донороос элэг авсан. Гэвч сүүлийн жилд нийгмийн дунд шуугиан үүсгэсэн ташаа мэдээллийн улмаас эмч, эмнэлгийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл, хандлага буурсанд харамсаж байна. Эмч бидний хувьд олон хүнд амьдрал бэлэглэсэн доноруудаа гүнээ хүндэтгэж, талархдаг. Манай улсад донор болон эрхтэн суулгасан хүний мэдээллийг солилцдоггүй хуультай. Энэ нь хэн нэгэн ач санаж эсвэл ач нэхэж асуудал үүсгэхээс сэргийлэх зорилготой юм.
Гэтэл эрхтэн суулгуулсан хүмүүс маань өөрсдөө ил гарч ирээд үгээ хэлж байна. Тэднийг ийм байдалд оруулах хүртэл бид санааг нь зовоож байна. Тэд энэ салбарын төлөө, тэдний амь амьдралын төлөө зүтгэж ирсэн эмчийгээ хэлмэгдэхийг хараад дуугүй сууж чадахгүй байна. П.Батчулуун эмчийн хэрэг бол ганц эмчийн хэрэг биш. Энэ салбарт ажиллаж байгаа, монголчуудынхаа амь насыг аварч, гадагшаа урсдаг валютын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулдаг энэ салбарынханд бүгдэд нь хамаатай. Энэ тохиолдолд хууль эрх зүйн орчин хангалттай биш. Шинэ салбарын талаар ойлголт бүдэг бадаг ийм нөхцөлд ямар ч эмчид тохиолдож болох. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлж, шинэ салбарыг нутагшуулах гэж хичээж байгаа бүх эмч, эмнэлгийн ажилтнуудад хамаатай. Түүнд оноосон ялыг бид бүгдэд оноосон ял гэж ойлгож байна. Энэ салбарт ажилладаг бүх хүнд оноосон ял. П.Батчулуун эмчийн гэм буруугүйг шүүх дахин нягтлан тогтоож, цагаатгаасай гэж хүсэж байна" гэсэн юм.
Эх сурвалж www.zms.mn