Б.ТУУЛ
Саяхан, сар шинийн сүүл мушгиж, дорнийн говь руу хүлгийн жолоо залах хэрэг гарав. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нутаг, Дорноговь аймгийн Сайншанд хотод хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Энэ үеэр Дорнодоос ирсэн нэгэн эмч бүсгүйтэй таарч ярилцах завшаан тохиосон юм. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажил, амьдралаа зориулж яваа энэ эрхэм могой жилийн босгон дээр “Хөдөлмөрийн хүндэт” медалиар энгэрээ мялаажээ. Тэрээр одоо Дорнод аймгийн “Итгэл Ивээлт” эмнэлэгт зүүний эмчээр ажилладаг аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
ЭМЧ ХҮНД МЭДЛЭГ ОНОЛООС ИЛҮҮ ДАДЛАГА ТУРШЛАГА ЧУХАЛ
-Та бид хоёрын ярианы сэдэв зүү эмчилгээний талаар үргэлжилнэ. Тиймээс хоёулаа яриагаа гэрэл, гэгээтэй зүйлээс эхэлье. Эмчийн ажил амаргүй гэдэг ч эмч хүн бусдын төлөө гэсэн сэтгэлээр өөрийгөө чимж, өвдөж, зовсон нэгний төлөө идэх хоол, унтах нойроо хагаслан байж энэ ажил албыг амжуулж явдаг. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ. Ажлынхаа гарааг анх хаанаас эхэлж байв. Эрүүл мэндийн салбарт одоо хэдэн жил ажиллаж байна вэ?
-Эмчийн ажил амаргүй гэдэг үнэн шүү. Анх Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургууль гэж байхад эх баригч бага эмч мэргэжлээр 1976 онд төгсөж, энэхүү салбараас амьдралын гараагаа эхэлж байлаа. Дөнгөж төгсөөд ирсэн болохоор биднийг төв газар бараадуулахгүй шүү дээ.
Тэгээд ч социализмын үед цаг төр нь чанга байсан үе, илгээлт томиололт гээд эх орны хаана эмч хэрэгтэй байна, бид тэнд л очдог байлаа. Тэгээд сургууль төгсөөд ирэхэд намайг шууд Баяндун суманд дүн бүртгэгч эмчээр хуваарилсан. Бидэнд ямар “Явахгүй” гэх эрх байх биш. Би тэр цагаас л сурч мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлэх, хүн ардынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж өглөөн нарнаас үдшийн бүрийг хүртэл, заримдаа ч нойр, хоолоо мартаад шөнө бүр дуудлаганд явдаг байлаа.
Тэнд хоёр жил ажиллаад Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчнээр томилогдон ирж ажилласан. 1981 оноос Хөдөө аж ахуйн ТМС-ийн эмчээр 10 жил ажиллаад түүнээс хойш уламжлалт эмчилгээгээр дагнан ажилласан даа. Эрүүл мэндийн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байна.
-Энэ хугацаанд сайн, муу, сайхан муухай олон зүйлийг үзэж, туулсан байх. Эмч хүний зовлон, жаргалаас хуваалцаач гэвэл та дургүйцэхгүй биз дээ?
-Тийм дээ бидэнд янз бүрийн л зүйл тохиолдоно. Одоо хүртэл сэтгэлээс гардаггүй, тухайн үедээ маш их сандарч тэвдэж байсан янз бүрийн түүх бий. Нэг удаа манай сумын эх баригч эмч хөдөө дуудлагаар явчихсан сувилагч бид хоёр үлддэг юм. Тэгсэн нэг тулгар ээж өвдөөд ирдэг юм байна. Эх барих эмч байхгүй, тэгээд ч хөдөө суманд би чи гэх биш. Эх барих чиглэлээр ажиллаагүй ч номын дууг нь сонссон юм болохоор үзлэгээ хийлээ. Дотуур үзлэг хийхэд тэр хүүхдийн хөл гарт яг баригддаг юм байна. Ураг буруу байрлалтай байна гэдгийг мэдээд их сандарсан. Оюутан байхад дадлагаар ураг буруу байрлалтай төрөлтөд орж үзээгүй байсан маань тэгтлээ их сандаргасан хэрэг. Тэгээд эх баригчийг ирэхээс өмнө төрчихвөл яах билээ гээд нөгөө үзсэн харсан номоо толгойдоо бодоод, тэрхэн хугацаанд сандарсандаа сумын холбоон дээр ижийтэйгээ ярих гээд очсон байсан. Ээжээс асуух байсан юмуу тайвшрах байсан юмуу гэр лүүгээ утсаар ярих захиалга өгөөд явж байсан минь санаанаас ер гардаггүй юм. Тэр эмэгтэйг Ичинхорлоо, нөхрийг нь Лхамсүрэн гэдэг байсан. Тэгтэл нөхөр нь холбооны хаалга цэлийтэл нээгээд, “Эхнэр төрөх гээд байна, Оюунаа эмч хаана байна” гээд ороод ирдэг юм байна. Эмнэлэг рүү гүйсээр үг сөхөөгүй л орж ирсэн. Тэгсэн Ичинхорлоо гуай төрөх орон дээр гарчихсан, хүүхдийнх нь нэг хөл цухуйсан харагдсан. Би сандарсан хэвээрээ гараа ариутгаад, ээж хүү хоёрыг эсэн мэнд төрүүлж билээ. Хүүхэд минь бүтэлттэй төрсөн болохоор уйлдаггүй. Сувилагч эгч түмпэнтэй усанд толгойгоор нь нэг дүрээд бөгсөн дээр алгадсан уйлж амь орлоо. Гэтэл эхэс нь гардаггүй, нэлээд сандарсан. Энэ бүх л хугацаанд би халадныхаа ханцуйгаар нулимсаа арчаад зав чөлөөгүй гүйгээд байсан. Энэ явдал маань миний санаанаас ер гардаггүй юм. Миний анхны бие дааж эх барьсан хүүхэд. Одоо тэр хүү 37 нас хүрсэн том залуу байдаг гэсэн. Өнгөрсөн жил Ичинхорлоо гуай манай “Итгэл ивээлт” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нь таарч энэ түүхийг сөхөж билээ. Эмч хүнд мэдлэг онолоос илүү дадлага туршлага чухал байдаг болохоор эгч нь энэ сайхан залуусын дунд ажиллаж тэдэнд өөрийн туршлагаас хуваалцаж тэднээсээ шинэ зүйл сурч явна.
МАНАЙХАН ИХЭВЧЛЭН ЗУН НАМРЫН ЦАГТ АМРАЛТАА АВААД ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭДЭГ
-Анх эмч болоход хүнд, хэцүү зүйл их тохиолдож байсан байх. Тэр үед хамгийн түрүүнд хэнээс тусламж, зөвлөгөө авч байсан бэ?
-Мэдээж дөнгөж төгссөн хүүхдэд мэдэхгүй чадахгүй зүйл их гарна. Тэгээд ч одоогийнх шиг техник технологи өндөр хөгжсөн байгаагүй болохоор ёстой л аливааг улаан гараараа хийнэ шүү дээ. Сумын эмчийн гар хүүхдээ эх барина, хүмүүсээ ч үзнэ, нүүрсээ ч хагална. Өвчтөн тэнхрээд ирэхэд тэр бүрийд мэргэжлээрээ бахархан жаргалтай инээж,таагүй байвал хамтдаа уйлж юм юм л болно. Тэр үед хамт олон л туслана шүү дээ.
-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Сүүлийн үед улсын болон хувийн эмнэлгүүд европ болон уламжлалт эмчилгээг хослуулан хэрэглэж байна. Харин та энэ чиглэлээр хэдийнээс эхэлж ажиллах болсон бэ?
-1990 онд одоогийн Ардын Уламжлалт эмнэлэг байгуулагдахад тэнд бага эмчээр ажиллах болсон үеэс мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж зүү төөнүүрийн эмч болсон. Анх тус эмнэлгийн эмчээр Долгорсүрэн эмч ажиллаж байлаа. Түүнээс хойш Лхагвадорж, Санжмятав гээд алтан гарт эмч нар, Оюунчимэг Уранцэцэг, Наранцэцэг гээд сувилахуйн нөхөдтэйгээ нэг хамт олон болж ажилласан. Тэд надад олон зүйл дээр түшиг тулгуур болж явсанд баярлаж явдаг юм.
-Зүү төөнүүр, бариа засал, шавар эмчилгээ гээд манайхан уламжлалт эмчилгээнд улирал харгалзахгүй үзүүлдэг болсон. Зун намар манайхан амарч зугаалангаа энд тэндэхийн сувилалд биеэ их эмчлүүлдэг. Харин хүйтэн сэрүүний улиралд ихэвчлэн ямар учир шалтгаантай хүмүүс ирдэг вэ. Магадгүй улирлын чанартай өвчлөл зонхилдог байх?
-Уламжлалт эмчилгээний хамгийн гол үр дүн, чанар бол гам барих. Гам барих гэдэг маань эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зөвхөн даарч хөрөхтэй холбоотой бус ажил амралтаа зохицуулах, хоол ундаа тохируулан хэрэглэх гэх мэт олон зүйлийг агуулж байдаг. Манайхан ихэвчлэн зун намрын цагт ээлжийн амралтаа аваад амрах зуураа эмчилгээ хийлгэдэг байдал тогтчихсон байгаа нь бас дээрхи асуудлуудтай яах аргагүй холбоотой. Хүйтэн сэрүүний улиралд ч бас ирж хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс харахад ихэнх тохиолдолд архаг хууч өвчний сэдрэлтээс сэргийлсэн, гэнэтийн осол өвдөлтөөс үүссэн өвчний тохиолдлууд байдаг. Уламжлалт эмнэлэгт хэвтээд гам сайн барьвал улирал харгалзаад байх асуудал бараг байхгүй. Манай зүү эмчилгээний хувьд ч гэсэн тийм байдаг. Хаврын улиралд хүн жаахан ядруу байдаг гэдэг нь улирал нь өөрөө, мал , өвс газар дэлхий хүртэл нялх, тэнхлүүн биш байдагтай холбоотой. Энэ үед эмчилгээ сайн хийлгэвэл хурдан тэнхрэх нягуур бий.
ЗҮҮ ЭМЧИЛГЭЭ МЭДРЭХҮЙН ЦЭГИЙГ ДАГАЖ ХИЙДЭГ ЭМЧИЛГЭЭ
- Манайд бариа засал, зүү, төөнүүр гэсэн гурван чиглэлээр эмчилгээ үйлчилгээ явуулдаг хувийн эмнэлгүүд, хувь хүмүүс их олширсон. Хотод бол хоёр, гурав алхаад л таарна. Харин Дорнодод хэр олон байдаг вэ?
-Манай аймагт уламжлалт эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг 3-4 эмнэлэг байдаг. Сүүлийн үед мэдлэг боловсролтой шинэ залуу боловсон хүчин олон болж хувийн эмнэлгүүд олширсон харагддаг. Олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай сайн эмч нар олон түмэндээ ач буянаа хайрлаад явж байгаа нь сайхан. Эмнэлгийн тоо нь олон байж болох ч чанар нь эрүүл ахуй, эмчилгээ үйлчилгээний стандарт хангасан байх, тэр хэрээр ард олон маань эмнэлгийн үйлчилгээг төвөггүй хурдан авч эрүүл энх байгаасай гэж боддог юм.
Миний хувьд энэ сайхан залуу хүүхдүүдтэй сурсан мэдсэнээ хуваалцаад, олонтойгоо бужигнаж суух сайхан байдаг юм. Танай сониноор дамжуулан “Хамт олондоо баярлаж явдаг” гэдгээ уламжилъя.
-Манайд зүү төөнүүрийн эмчилгээ харьцангуй эрт хөгжсөн. Малчид өвдсөн, гэмтсэн малдаа хатгалт хийх, цус ханах зэргээр эмчилдэг нь үүнтэй холбоотой гэж ярьдаг юм билээ. Энэ тухай та юу гэж боддог вэ?
-Бидний өвөг дээдэс бүгд их мундаг эмч, бариач, хүмүүс байсан нь гайхамшигтай юм. Малын хөлд хурсан цусыг ханаж эмчлэх, хугарсан ясыг барих, тан залах гээд нүүдэлчин ахуй амьдралтайгаа холбоотой эмчилгээний олон сайхан уламжлал байна. Тэдгээр буурлуудаас өнөөдөр нэр нь тодроогүй гавьяатан олон бий. Түүнийг нь өвлөж, уламжилж хөгжүүлж чадвал бид эмгүй эмчилгээгээрээ гайхагдсаар байх болно.
-Зүү эмчилгээг олон жил суралцаж байж эзэмшдэг гэх юм билээ. Та энэ эмчилгээгээр дагнаад хэдэн жил ажиллаж байна?
-Би анагаах ухааны салбарт 37 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс зүү эмчилгээг хийгээд 23 жил болж байна.
-Энэ эмчилгээг зарим хүн мэдрэлийн сааталд оруулах, аль эсвэл үе мөч мэдээгүй болох, хараа,сонсголгүй болох зэрэг эрсдэл дагуулдаг гэж ярьдаг. Үүнээс болоод зарим нь энэ эмчилгээнээс айдаг юм шиг санагддаг. Эмч хүний хувьд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Таамгаар болон онош тавихгүй хатгана гэдэг байж боломгүй зүйл. Зүү эмчилгээ бол мэдрэхүйн цэгийг дагаж хийгддэг онцгой анхаарал шаардсан эмчилгээ. Хаа хамаагүй хатгах нь эмчлэхээсээ илүү эмгэг дагуулах нь тодорхой. Иймд эмчийн заавар зөвлөгөөгөөр эмнэлгийн нөхцөлд гам дэглэм сахиж, мэргэжлийн эмчээр зүү эмчилгээг хийлгэх нь зөв бөгөөд аливаа сөрөг үр дагавраас сэргийлэх нь чухал гэж зөвлөе. Сүүлийн үед охид хүүхнүүд тураах зүү заслыг ихэд сонирхох болж. Энэ нь гоо сайхны гэхээсээ эмчилгээний ач холбогдолтой. Тухайн хүний бие мэдрэхүйн онцлог хий судлыг нээж цусны эргэлт,бие организмыг зөв эргэлтэнд оруулж, хоолны дуршлыг бууруулсанаар турж байгаа юм. Жин нэмэх бол хэвийн бус үзэгдэл анагаах ухаанд тодорхойгүй таргалалт өвчлөлийн нэг хэлбэр ч гэж үзнэ. Тиймээс охид хүүхнүүд маань болгоомжлоорой гэж хэлэх байна.
ЗҮҮ ЭМЧИЛГЭЭ БИЕИЙГ ЦОЧРООХ, БИОЛОГИЙН ИДЭВХИТ ЦЭГИЙГ СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
-Зүү эмчилгээ хийхэд зориулсан алт, мөнгө, ган, зэс зүү байдаг гэсэн. Ямар өвчин эмгэгт хэрэглэх гэж байгаагаас хамаараад зүүгээ сонгодог уу?
-Сүүлийн үед янз бүрийн зүүг хэрэглэх болсон. Зүү эмчилгээнд зүүний цэг гол болохоос биш, зүү нь тийм ч их ач холбогдолтой бус. Эмчилгээний үр нөлөө бол төдийлөн өөр биш байдаг.
-Сүүлийн үед зүү хатгадаг биологийн идэвхтэй цэгүүдэд төөнүүр, цахилгаан соронзон шарлага зэргийг хавсран хэрэглэдэг болсон байна. Үр дүн нь сайн гэж тэгдэг байх. Ер нь зүү эмчилгээний үр дүн хэдий хэр хугацаанд мэдрэгдэх вэ?
-Зүү эмчилгээ нь цочроох, биологийн идэвхит цэгийг сэргээх үйлчилгээтэй. Тиймээс нэг талаас цахилгаан соронзон үйлчлэлээр тухайн цэгийг сэргээж байгаа юм. Мөн дулааны эмчилгээг зүү эмчилгээтэй хавсрах нь өндөр үр дүнтэй учраас төөнөх болон шарлага эмчилгээг давхар хийж байгаа юм. Дээрхи эмчилгээнүүд эмчийн заавраар хийгдэнэ. Ер нь зүү эмчилгээг манайхны хэлж заншсанаар курсээр хийлгэх нь үр дүнтэй. Нэг курс нь 10 удаагийн эмчилгээ. Гурван курс хийлгээд амрах хэрэгтэй. Ингээд гамаа сайн бариад дараагийн эмчилгээнд орвол илүү үр дүнтэй байдаг.