Б.ЖАВХЛАН

 

Түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэх ажил үргэлжилсээр байгаа. Тэгвэл багшийн дээдийн автобусны урд буудал дээр үлдсэн нэг ТҮЦ-ийг өчигдөр шөнө нүүлгэжээ. Ингэхдээ доторх бараа материалыг нь үлдээж, гадна байшинг нь нураасан байна. Энэ талаар тус ТҮЦ-ийн эзэн А.Лхамхүү “Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Гэтэл хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ ажлын байрыг булааж байгаа үйлдэл нь энэ зорилготойгоо нийцэхгүй байна. Энэ ТҮЦ-ийн хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн иргэн нийлж ажиллуулдаг. Гэтэл ингээд байшинг нь эвдээд барааг нь задгай хаячихлаа. Одоо бид хэрхэн амьжиргаагаа залгуулах вэ. Ажилд орьё гээд очихоор хөгжлийн бэрхшээлтэй гээд ажилд авдаггүй. Тэгэхээр нь боломжоороо үйлчилгээний ажил эрхлээд явахаар ингэж дээрэмдэж, доромжилж байна. Өчигдөр шөнө ирээд шууд байшинг минь нураасан. Би тэр үед ирээд гурван хөргөгчөө гаргаж авья. Зээлийг нь төлж дуусаагүй байгаа гэж хэлж байж хөргөгчөө гадаа гаргуулсан. Гэтэл нэг хөргөгч нь эвдэрсэн байна. Мөн тавиур, тавилгууд бүгд эвдэрсэн. Одоо бид яах вэ. Бидний хохирлыг хэн барагдуулах вэ. Би Х.Нямбаатарыг миний ТҮЦ-ийг төлж өгөх хүртэл нь би суулт зарлаж байна. Ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй бол өлсгөлөн зарлах болно” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24.  ПҮРЭВ ГАРАГ. № 76 (7573)